Ө.Хангал: Үл хөдлөх хөрөнгийн зуучлал хэрэгтэйг мэдсэн, мэдэрсэн хүмүүсийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байна

Түүх     2018-12-11     1356
ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага - 15

ЗОЧИН: Ө.Хангал

БАЙГУУЛЛАГЫН НЭР: БЭСТА Үл Хөдлөх Хөрөнгө (www.besta.mn)

АЛБАН ТУШААЛ: Үүсгэн байгуулагч, захирал

АЖЛЫН ТУРШЛАГА: 2009 онд компаниа байгуулсан цагаас эхлэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажиллаж байна. Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлалын Нэгдсэн Холбоог үүсгэн байгуулагчдын нэг, анхны гүйцэтгэх захирал

КОМПАНИЙН НЭРИЙН ТАЙЛАЛ: BEST+A, шилдэг гэсэн утга дээр нэмэх нь +А буюу онцсайн гэсэн утгатай. Мөн estate гэдэг үгийн esta-г багтаасан

- Компанийн түүх

-  2009 онд багын найзынхаа хамтаар бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр багагүй судалгаа хийж байгаад энэхүү үл хөдлөх хөрөнгийн компаниа байгуулж байсан. Миний хувьд Их Британийн Нэгдсэн Вант улсад (одоо АНУ-д), найз маань Япон улсад багагүй хугацаанд суралцсан, үл хөдлөх хөрөнгө зуучлалаар тухайн улсууддаа үйлчлүүлж байсан, уг бизнес модел хэн хэнд маань их сонирхолтой санагдсан учраас энэ чиглэлийг барьж авсан.  Компани үүсгэн байгуулагдах  үед эдийн засгийн хямралтай, үл хөдлөх хөрөнгө зуучлалын талаарх иргэдийн ойлголт сайнгүй байсныг хэлэх үү өөрсдийн гэсэн үйлчлүүлэгч, листтэй болохын тулд үйл ажиллагааны чиглэлээ үл хөдлөх хөрөнгө зуучлал гэж юу болох, зуучлалын хөлс, барьцаа-дипозитын утга, ямар ашигтай гэх мэт анхан шатны ойлголтыг  байгууллага иргэдэд танилцуулж явдаг байлаа. Зуучлалын бүх процедурыг өөрийн биеэр үйлдэж алдаа оноо дээрээ суралцан маш их нөү-хауг цуглуулж чадсандаа сэтгэл хангалуун байдаг.

- Амжилтын эх үүсвэр юун дээр тогтдог вэ?

- Амжилтад хүрсэн гэж өөрийгөө боддоггүй тул хариулж мэдэхгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн бизнест амжилттай ажиллах үндэс юу вэ гэвэл тууштай байх, хөдөлмөрч байх, нэрээ боддог байх, мөнгийг нэгдүгээрт тавьдаггүй байх болов уу.

- ҮХХ -ийн реалтор гэж ямар хүнийг хэлэх вэ?

- Тохироог бүрдүүлэгч, шударга, универасал  хүн.

- Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авч сурч байгаа юу?

- Анх компаниа байгуулж байсан үеийг одоотой  харьцуулбал өөрчлөлт  гарсан. Үл хөдлөх хөрөнгийн зуучлал хэрэгтэйг мэдсэн, мэдэрсэн хүмүүсийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Барилгын төслүүд одоо ихэнх нь чаддаг мэддэг, туршлагатай, мэргэшсэн үл хөдлөх хөрөнгийн байгууллагуудаар борлуулалтаа хийлгэдэг болж. Мэдээж бидний үйл ажиллагааны талаар буруу зөрүү ойлголттой хүмүүс ч бас байгаа. Бид илүү сайн ажиллах шаардлагатай л гэсэн үг. Энгийн жишээ хэлэхэд,  олон жилийн өмнө байр түрээслэх үйлчилгээ дээр барьцаа-дипозит төлбөрийн талаар иргэд сайн ойлголтгүй байлаа. Одоо хэнээс ч асуусан ямар утгатайг мэдэхээр болжээ. Энэ бол нөгөө л үндэсний хэдэн тууштай үйл ажиллагаагаа явуулж байгаа үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудын зүтгэлийн үр дүн.

- ҮХХ зуучлалын салбарт бие даасан зохицуулах хууль хэрэгтэй юу?

- Улс орны хөгжлийг дагаад ирээдүйд зайлшгүй хэрэгтэй болно. Манай салбарынхан одоогийн нөхцөлд байгаа хуульдаа зохицуулаад үйлчилгээгээ хууль эрхзүйн дагуу үзүүлж байна. Иргэд хоорондын үл хөдлөх хөрөнгийн харилцааг харж байхад бие даасан хуультай байсан бол энэ иргэн тэгж алдахгүй, хохирохгүй байж дээ гэсэн фактууд олон байдаг. Гол нь хуультай байснаараа иргэд үл хөдлөх хөрөнгө гэдэг өндөр мөнгөн дүнтэй харилцаанд орохдоо айдасгүй болж хамгаалагдана. Улс бүх төрлийн үл хөдлөх хөрөнгийн татваруудаа бүрэн гүйцэд авч чаддаг болж улсын төсөвт багагүй нэмэр болно гээд ашигтай хэрэгтэй талууд нь олон. Байнга хэл ам дагуулдаг СӨХ гэдэг байгууллагын тухай хуулиа ер нь цаашид яах вэ? Монгол улс маань нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн дагуу “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуультай болсон. Үүнд үл хөдлөх хөрөнгө маш их холбогдохоор байгаа гэх мэт асуудлуудаа яах вэ?  Шүүхийн шийдвэр дээр нийт хэргийн 20 хувь нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой байна шүү дээ.

- Зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авахын ач холбогдол юу вэ?

- Ач холбогдол олон л доо. Нийслэл хотын 60 % ихэнх иргэд нь гэр хороололд амьдардаг. Та энэ чигээрээ байна, агаар хөрсний бохирдол улам нэмэгдэнэ гэж бодож байна уу эсвэл орон сууц, хаусууд баригдаж бидэнд өдөр тутам тулгарч байгаа асуудлууд алга болоосой гэж мөрөөддөг үү? Хот болон орон нутаг  маань өргөжин тэлж, тохитой тухтай орон сууцанд хүссэн иргэн бүр амьдраасай гэж та бодож байгаа биз дээ. Таны бодол, мөрөөдөл тийм ч холгүй байна. Монгол улс ирээдүйгээ дагаад үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээ өөрсдийнхөөрөө хөгжиж, яг тань шиг мөрөөдөж байна. Хүн бүр хүссэн хүсээгүй ямар нэгэн үл хөдлөх хөрөнгөтэй холбогддог. Үүнийгээ дагаад үйлчилгээ авахгүй ч үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудыг мэддэг болдог, сонирхдог,  үйлчлүүлж үздэг, тэгээд тогтмол үйлчлүүлэгч болдог. Асуултыг надаас биш үйлчлүүлэгчдээс асуувал бодит хариулт хэлэх байх. Харин нэг зүйлийг  бахархалтай хэлэхэд үйлчлүүлэгчдээрээ үйлчилгээний ач холбогдлыг жагсааж бичүүлэх юм бол ач холбогдол нь сайн тал руугаа жин дардаг.

- Энэ салбарт ажиллаж байгаа залуучуудад гарын авлага болохуйц ямар ном санал болгох вэ?

- Тууштай оролдлого, практик бол маш мундаг “ном” шүү хэ хэ. Ном санал болгохоос илүү заагаад сургаад явдаг.

Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын баярын өдөр гэж бий болговол та дэмжих үү? Хэрвээ дэмжиж байгаа бол хэдэн сард байвал зүгээр вэ?

 - Дэмий биз дээ. Баяр байлаа ч бид чинь амралтгүй ажилладаг хүмүүс тул баярлах хүмүүс олдохгүй байх.

-  Зуучлал хийж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу.

- Олон л зүйл тохиолдож байсан. Үл хөдлөхийн процедур бүр ямар нэгэн сургамж, нөү-хау өгч байдаг. Нэг хэсэг баярлалаа гэж бичихдээ байрлалаа гэж бичдэг болсон байсан. Бүр нэг албан и-мэйлийг байрлалаа гээд явуулсан байсан.


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (5)

2018-12-12 02:21   Delger
Uneheer mundag hundee!
Ene salbar deer jinhene mergeshsen hun.
2018-10-17 05:35   Khurelkhuu
Тантай хэрхэн холбогдох вэ?
Компани дээр чинь очиж уулзаж болох уу?
2018-10-10 05:17   Realtor
Hicheel zaadag yum bol uu?
Asuuh zuil ih bn
2018-10-09 19:36   Realtor
Ta turshlagaasaa huvaaltsaj hicheel zaadag uu?
Assmaar zuil ih bnaa
2018-10-08 20:00   Зочин
Пөөх, үл хөдлөхтэй маргаан 20% гэдэг чинь өндөр тоо байна
Шинэ мэдээ
Их уншсан