Г.Цогт: ҮХХ зуучлалын компаниуд бүгд нийлээд нийт зах зээлийнхээ 5 хувь дээр л ажиллаж байна

CENTURY 21® Mongolia мастер-франчайзын гүйцэтгэх захирал Г.Цогттой үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Дэлхийн хамгийн том үл хөдлөх хөрөнгө зуучлалын CENTURY21® брэндийг "НОМИН Холдинг" ХХК албан ёсоор оруулж ирсэн бөгөөд өнгөрсөн оны 10-р сард нээлтээ хийсэн. Манай Монгол мастер-франчайз эрхийг  авсан 79 дэх орон юм.

CENTURY 21® Mongolia одоогийн байдлаар хэр амжилттай ажиллаж байна вэ?

- Манай CENTURY 21® франчайз Монголд нээгдээд есөн сар болж байна. Бид өнгөрсөн хугацаанд 3 франчайз оффис нээж, 40 гаруй агентыг сургаж бэлтгэн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр гараагаа амжилттай эхлүүлээд байна. Цаашид Монгол улсын нутаг дэвсгэрийн хүрээнд олон франчайз оффис нээх төлөвлөгөөтэй байгаа. CENTURY 21® бол дэлхийн 80 улсад 7’700 бие даасан оффистой, 117’000 борлуулагч, агенттай олон улсад хамгийн их танигдсан алдартай брэнд юм.

- Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлийн нөхцөл байдал ямар байна вэ?

- Бидний судалгаагаар манай улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Энэ дунд зах зээл дээр 10 гаруй жил ажилласан түүхтэй компаниуд ч бий. Гэтэл ҮХХ зуучлалын компаниуд бүгд нийт зах зээлийнхээ 5 хувь дээр л ажиллаж байна гэсэн судалгааны дүн гарсан. Үлдсэн 95 хувь нь ямар нэгэн зуучлалд хамрагдахгүй байна гэсэн үг. Эсрэгээрээ Америк зэрэг франчайз хөгжсөн улсуудад нийт үл хөдлөх хөрөнгийн 95 хувь нь зуучлалаар дамжиж борлуулагддаг гэсэн статистик байдаг. Эндээс үзэхэд манай улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд маш их боломж, ирээдүй байгаа нь харагддаг. Цаашид зах зээлийг бүрэн хамарч ажиллах, харилцагч, үйлчлүүлэгчдийг төлөвшүүлэх, зуучлалын үйлчилгээний давуу талуудыг зөвөөр ойлгуулах чиглэлээр хийх ажил бидэнд маш их байна. 

- Зах зээлийн яг ямар хэсэг нь зуучлалд хамрагдахгүй байна вэ?

- Зуучлалын компаниуд бүгдээрээ өндөр үнэтэй орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү хошуурч байна. Гэтэл энэ зах зээлийн хэмжээ хязгаарлагдмал, цар хүрээ бага, өрсөлдөөн ихтэй байдаг. Харин хямд үнэтэй хуучин орон сууц, энгийн үл хөдлөх хөрөнгүүд зуучлалын үйлчилгээнд төдийлөн хамрагдаж чадахгүй байна. Үнэндээ бол энэхүү хямд үнэтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хэмжээ, хүрээ маш том байдаг. Энэ дээр нэмэгдээд манай барилгын компаниуд нэлээд зардалтай борлуулалтын алба ажиллуулж борлуулалтаа өөрсдөө хийх гэж оролддог. Энэ бүгд нийлээд нийт зах зээлийн 95 хувь нь зуучлалын үйлчилгээнд хамрагдахгүй байна гэсэн судалгаа байгаа юм. Үүнээс гадна Улаанбаатар хотын нийт өрхийн талаас бага хувь нь тохилог орон сууцанд амьдардаг гэдэг тоо их сонирхолтой байдаг. Нийт өрхийг орон сууцанд оруулах их үйлсэд манай үйлчилгээ өөрийн хувь нэмрээ оруулах ёстой бөгөөд бидэнд энэ чиглэлээр хийх ажил маш их байгаа юм.

- Зуучлалын хөлс өндөр байна уу?  Нийт зах зээлийн 95 хувь нь хамрагдахгүй байгаа гол шалтгаан юу вэ?

- Зуучлалын хөлс өндөр биш. Олон компани өрсөлддөг учраас нэг компани ганцаараа зуучлалын хөлсийг хүссэнээрээ нэмэгдүүлэх ямар ч боломж байхгүй. Гол нь манайд зуучлуулах соёл дөнгөж дэлгэрч эхэлж байна. Нэг үеэ бодоход хүмүүс зуучлалын үйлчилгээний давуу талуудыг ойлгодог болж байгаа. Үйлчлүүлэгчдийн тоо сараас сард нэмэгдэж байгаа. CENTURY 21®-ийн хувьд худалдан авагч талаас ямар нэгэн зуучлалын хөлс авдаггүй. Зөвхөн хүссэн үл хөдлөх хөрөнгийг нь боломжийн үнээр олж өгөх тал дээр тусалж ажилладаг. Харин зуучлуулагч талаас багахан хэмжээний ажлын хөлс авдаг.

- Олон улсад үл хөдлөх хөрөнгө зуучлал хэр хөгжиж байна вэ?

- Дэлхийн олон улсад үл хөдлөх хөрөнгө зуучлал өндөр хөгжсөн байдаг. Тэнд зуучлалын үйлчилгээгээр дамжуулахгүйгээр үл хөдлөх хөрөнгийг худалдана эсвэл худалдаж авна гэсэн ойлголт маш ховор байдаг. Бид ч гэсэн ийм түвшинд хүргэхийн төлөө зорин ажиллаж байна. Ер нь зуучлалын үйлчилгээ олон давуу талтай байдаг. Аливаа үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах эсвэл худалдаж авах нь олон үе шаттай нарийн түвэгтэй процесс байдаг. Мөн манай улсад энэхүү харилцааг зохицуулсан бие даасан хууль байдаггүй. Эрх зүйн зохицуулалт дутмаг байдаг нь зарим эрсдэлийг байнга дагуулж байдаг. Харин хүмүүс манайх шиг мэргэжлийн агентлагт хандсанаар хууль, эрх зүйтэй холбоотой эрсдэлээс зайлсхийх бүрэн боломжтой. Бид одоо хэрэгжиж байгаа хуулиудын хүрээнд ямар нэг маргаан, эрсдэл, асуудал гаргахгүй байх дээр анхаарч ажилладаг. Үүнээс гадна зуучлалын үйлчилгээ нь таны үнэт цаг хугацааг хэмнэнэ, зардал чирэгдлийг багасгана, зах зээлийн хамгийн бодит үнийг санал болгоно, нэг дороос олон харьцуулалт хийж сонголт хийх боломжоор хангана гээд олон давуу талыг хүмүүст өгч байдаг. Тэр ч байтугай одоо манай нийгмийн нэгээхэн том асуудал болсон сэтгэл зүйн стресст орохоос ч хүртэл сэргийлж чаддаг онцлогтой. Жишээ нь: хүмүүс орон сууцны байраа худалдах эсвэл худалдан авах үед олон янзын зан араншинтай хүмүүстэй уулзах, олон байр үзэх, олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх, янз бүрийн үнэн, худал мэдээллийн төөрөгдөлд орох зэрэг байдлаас болж битүү бухимдах нь элбэг байдаг шүү дээ. Энэ бүгдийг манай мэргэжлийн агент зохицуулж өгдөг. Тиймээс ч бид “Та зөвхөн CENTURY 21®-т ханд! Бусдыг нь бид таны өмнөөс хийх болно” гэж хэлдэг юм.

- Эдийн засгийн хямралтай үед үл хөдлөх хөрөнгийн борлуулалт дагаад буурдаг уу эсвэл эсрэгээрээ байна уу?  

- Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа нь эдийн засгийн хямралаас төдийлөн хамааралтай бус юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд харлаа. Эдийн засаг хямарсан ч байсан, хямраагүй ч байсан иргэд, аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгөө зарж, худалдан авч, өгч авалцаж л байдаг шүү дээ. Тэгэхээр зуучлалын үйлчилгээ ямар ч үед явагддагаараа явагдана. Харин шинээр ашиглалтад орж буй орон сууцны зах зээлд бол эдийн засгийн хямрал нөлөөлж байна. Ялангуяа эдийн засгийн хямралаас үүдэлтэй ипотекийн 8 хувийн зээлийн хязгаарлалт нь шинэ орон сууцны зах зээлд хүчтэй нөлөө үзүүлдэг. Хэдийгээр эдийн засаг сэргэж байгаа ч гэсэн ипотекийн зээл хязгаартай олгогдсон хэвээр байна. Банкууд зээлийн бодлогоо чангалсан байдалтай байна. Хэрэв ипотекийн 8 хувийн зээл хүртээмжтэй бөгөөд авъя гэсэн хүн болгонд олгогдоод эхэлбэл, нийслэлд байгаа борлуулагдаагүй 6’000 орчим шинэ орон сууцны 1/3 нь түргэн борлогдох боломжтой болно.

- Орон сууцны үнэ манай улсад хэт өндөр гэх ойлголт байдаг. Цаашид үнийн хувьд хэр өөрчлөлт орох бол?

- Орон сууц өндөр үнэтэй байна гэж яригддаг. Яагаад гэхээр бид ихэнх барилгын материалуудаа гадаадаас импортоор авдаг байсан. Саяхныг хүртэл барилгын үндсэн материал болох цемент, арматурыг ч бүрэн хангаж чаддаггүй гаднаас тээврийн ихээхэн зардлын нэмэгдэлтэй үнээр оруулж ирдэг байлаа. Одоо бол үндсэн материалуудаа дотооддоо үйлдвэрлэдэг болсон нь сайн хэрэг. Цаашид манай улс барилгын засал чимэглэлийн материалууд, шил, цахилгаан, сантехникийн материалуудыг ч гэсэн дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Ингэж байж шинэ орон сууцны үнэ буурах боломжтой болно. Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын хувьд үнэ нэлээд тогтвортой байгаа. Ойрын ирээдүйд тогтвортой байх боломжтой. Үл хөдлөх хөрөнгийн хувьд үнэ өслөө гэхэд огцом биш, аажмаар өсөх нь зөв хандлага юм. Хэрэв орон сууцны үнэ огцом унавал хямрал болж байна гэсэн үг. Мөн эсрэгээрээ орон сууцны үнэ огцом өсвөл зах зээл дээр үнийн хөөсрөл бий болж ирээдүйн томоохон хямралыг зөгнөж байдаг.

- Танай C21®  франчайз эзэмшигчийг мөн бэлтгэхээс гадна энэ чиглэлээр АНУ-д сургах боломжтой юу?

- C21®-ээс шинээр франчайз эрх авч байгаа бизнес эрхлэгч нь эхлээд Монголд бэлтгэгдэхээс гадна 24 сарын дотор АНУ дах төв байгууллага дээр очиж сургалтад сууж бэлтгэгдэх журамтай байдаг. Франчайз эрх эзэмшигч маань олон төрлийн дэмжлэгийг CENTURY 21® Mongolia мастер-франчайзаасаа авч байдаг. Маркетингийн хөтөлбөр, сургалтын хөтөлбөр, идэвхжүүлэлтийн хөтөлбөр, урамшууллын хөтөлбөр, программ хангамж, хүний нөөц бүрдүүлэлт, бизнес менежментийн арга зүйн туслалцаа гэх зэрэг олон цогц дэмжлэгийг авдаг учраас франчайз эрх эзэмшигч маань үйл ажиллагаагаа зах зээл дээр удирдан явуулахад дөхөмтэй байдаг. Мөн дэлхийн 80 улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй холбогдож өөрийн болон бусад улсын франчайз эзэмшигч, агентуудаас харилцан суралцах, туршлага солилцох боломжтой байдаг.

- Хамгийн сайн борлуулалт хийж буй орон аль нь байна вэ?

- Манай CENTURY 21®системийн хүрээнд Хятад улс дахь мастер-франчайз хамгийн олон брокер оффистой, хамгийн их борлуулалтыг хийдэг. Энэ нь хүн ам болон үл хөдлөх хөрөнгийн тоотой нь холбоотой байх. Манай CENTURY 21®-т үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентаар орж ажиллахын нэг чухал онцлог нь Хятад улсын энэ том зах зээл дээр төдийгүй дэлхийн бусад 79 орны зах зээлтэй холбогдож ажиллах бололцоог агентуудад олгодогт байгаа юм.

- Агент, реалтор хоёрын ялгаа юу вэ?

- Энэ хоёр нэршлийн ижилхэн тал нь хоёулаа адилхан үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн юм. Реалтор гэдэг нь ёс зүйн дүрмийг дагаж мөрддөг, Үндэсний Реалторуудын Холбоо (NAR)-ны гишүүн, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнийг реалтор гэнэ. Агент нь Үндэсний Реалторуудын Холбоонд гишүүнээр элсэж реалтор болох боломжтой байдаг.

-  Ярилцлага өгсөнд баярлалаа. 

ORONSUUTS.COM

 


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (1)

2018-12-07 00:29   Монгол хүү
Энэ бүткүү ээ. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй нөхөр ийм бизнес хийж чадах уу. Эрэлт нийлүүлэлтийн хуулиа ч мэддэггүйм байна ш д. Аль алинд нь үнэ нөлөөлдөг. Хамаарал нь л өөр болохоос. Э.З-ийн хямралын үед нийлүүлэлтийн үнэ буурна, эрэлт ч хямд үнээр баталгаажих боломжтой учраас хөрөнгө оруулалт нэмэгдэнээ дээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 3 удаа дампуурсан хүн, гэхдээ хямралыг далимдуулж сэхэж чадсан байдаг даа. Энэ сайхан бизнесийг яанаа,
Шинэ мэдээ
Их уншсан