Т. Азжаргал: ҮХХ зуучлалын хувьд бие даасан зохицуулах хууль заавал хэрэгтэй гэж бодож байна

Түүх     2018-11-29     4958
ҮХХ зуучлалын захирлуудын цуврал блиц ярилцлага

ЗОЧИН: Т. Азжаргал

БАЙГУУЛЛАГЫН НЭР: Тауэр Пропертис ХХК

АЛБАН ТУШААЛ: Ерөнхий захирал

АЖЛЫН ТУРШЛАГА: Арван жил монголын барилгын ууган компаниудад үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр ажилласан

КОМПАНИЙН НЭРИЙН ТАЙЛАЛ: Тэнгэрт тэмүүлэх

- Компанийн түүх

- Намайг Барилгын салбарт ажиллаж байх хугацаанд Монголд гадны үл хөдлөх хөрөнгө зуучлалын франчайз байгууллагууд орж ирэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ нь нэг талаас зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг нийтэд таниулсан хэдий ч мэргэжлийн бус хүмүүст үл хөдлөх хөрөнгө борлуулах эрхийг олгосноороо иргэд аж ахуй нэгжийг хохироож салбарын нэр хүндийг том эрсдэлд оруулсан тохиолдлуудтай таарч байсан. Үүнээс үүдэлтэйгээр бид үндэсний хөрөнгө оруулалттайгаар компаниа байгуулан монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр олон жил маркетинг, борлуулалтыг бодитойгоор гүйцэтгэн ажиллаж байсан дадлага туршлагатай хүний нөөцөөр багаа бүрдүүлж 2016 оноос хойш харилцагч үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн чанартай үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна. 

- Амжилтын эх үүсвэр юун дээр тогтдог вэ?

- Зорьсон зорилгодоо чин сэтгэлээсээ тууштай хандаж, мэргэжлийн ёс зүйтэй шударга өрсөлдөх нь амжилтын эх үүсвэр гэж боддог.

- ҮХХ -ийн реалтор гэж ямар хүнийг хэлэх вэ?

- ҮХХ-г худалдаж байгаа болон худалдан авагч 2 талын эрх ашгийг хангаж ашигтай гэрээ хэлэлцээр хийхэд нь холбон зуучилж, шаардлагатай мэдээ мэдээллээр цаг алдалгүй бүрэн хангасан, бизнесийн ёс зүйг дээдлэн ажилладаг мэргэжлийн ажилтныг хэлнэ. 

- Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авч сурч байгаа юу?

- Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд бид байгууллага болон хувь хүмүүст мэргэжлийн зөвлөгөөг өгөхөөс гадна үл хөдлөх хөрөнгөө борлуулахад тулгардаг олон асуудлыг нэг дор шийдэж цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэн зөв сонголтыг хийх боломжийг олгодог. Сүүлийн жилүүдэд иргэд маань энэ боломжийг харж өөрсдийн асуудлаа нэг дор шийдэх сонирхол маш өндөр болсон байна.

- ҮХХ зуучлалын салбарт биеэ даасан зохицуулах хууль хэрэгтэй юу?

- Иргэд үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулахдаа, худалдаж авахдаа мэргэжлийн ажилтнуудын зөвлөгөөг аваагүйгээс мөн үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэрийг барьсан мэргэжлийн бус хүмүүст хандсанаас болж хууран мэхлэгдэх, хөрөнгө мөнгөөрөө хохирох тохиолдлууд их гардаг. Тиймээс энэ асуудлуудыг шийдэх үүднээс ҮХХ зуучлалын хувьд хувьд бие даасан зохицуулах хууль заавал хэрэгтэй гэж бодож байна.

- Зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авахын ач холбогдол юу вэ?

- Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжихийн хэрээр үл хөдлөх хөрөнгийн хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Зах зээлийн нийгэмд бид бүгдээрээ цаг завгүй ажиллаж байна. Иргэд туршлагатай зуучлалын байгууллагад хандаж зөвлөгөө авснаар цаг заваа хэмнэх, хэт хямдаар үл хөдлөх хөрөнгөө зарах эсвэл хэт үнэтэй худалдан авах зэрэг эрсдэлээс өөрсдийгөө сэргийлж, өөрт ашиггүй гэрээ хэлэлцээр хийхгүй байх зэрэг олон давуу талуудыг олж авдаг. Үл хөдлөх зуучлалын компаниуд маань туршлагатай байхаас гадна хүний итгэлийг  маш сайн хүлээдэг, бизнесийн ёс зүйтэй үйлдэл гаргаж байх ёстой гэж би боддог. Монголд үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжиж байгаатай холбогдон олон үл хөдлөх зуучлалын байгууллагууд шинээр үүсэж байна. Иргэд зуучлалын байгууллагуудаас сонголтоо зөв хийж хурдан шуурхай сэтгэл ханасан үйлчилгээгээ авч байгаа нь таатай байна.

- Энэ салбарт ажиллах байгаа залуучуудад гарын авлага болохуйц ямар ном санал болгох вэ?

- Юуны өмнө би энэ салбарт ажиллахаар зорьж буй залуучууд болон шинэ боловсон хүчнүүддээ аливаа нэг ном болон онолыг судлахаас өмнө практик дадлага туршлагыг түрүүлж олж аваасай гэж хүсдэг. Тухайлбал худалдан борлуулах гэж буй үл хөдлөх хөрөнгөө сайн судлан, барилгын хийцлэл, архитектурын шийдэл, чанар стандарт, инженерийн шугам сүлжээ, давуу болон сул талыг нь олж мэдэн тал бүрийн нарийн ойлголттой болох хэрэгтэй гэж боддог. Тиймээс тухайн барилгыг барьсан компани болон инженер техникийн ажилтнуудтай газар дээр нь туршлага хуваалцаж дагалдан ажиллаж нэг бүрчлэн танилцаж анхан шатны ойлголтыг авах хэрэгтэй. Мөн хууль эрх зүй болон зах зээлийн судалгаа, үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээний үйл явцыг биечлэн хийж өөрийн биеэр судлан танилцаарай гэж зөвлөх байна.

Манай компанийн хувьд залуу боловсон хүчнүүдээ яг энэ зарчмын дагуу бэлдэж сургадаг. Ингэснээр бид үйлчлүүлэгчдэдээ цаг алдалгүй үнэн зөв мэдээллийг хүргэн борлуулалтаа эрчимжүүлж хүссэн сонголтоо хийж сэтгэл хангалуун үйлчилгээ авах боломжийг олгодог. Үл хөдлөх хөрөнгийн реалторууд бол нэг үгээр барилгын инженер, хуульч, эдийн засагч, сэтгэл зүйч, архитектурч, интерьер дизайнер гээд маш олон мэргэжлийг өөртөө агуулсан байдаг. Ийм нарийн мэдрэмжүүдийг өөртөө олж авахын тулд өөрт хэрэгтэй бүхий л салбарын сонирхолтой номуудыг уншаасай гэж хэлмээр байна. Сүүлийн үед миний уншсан Willie Miranda-н “How to NOT get your ASS KICKED in the REAL ESTATE BUSINESS” ном их таалагдсан бидний үйл ажиллагаанд тулгардаг олон саад бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар бичсэн нь уншихад сонирхолтой санагдсан.

- Үл хөдлөх зуучлагчдын баярын өдөр гэж бий болговол та дэмжих үү. Хэрвээ дэмжиж байгаа бол хэдэн сард байвал зүгээр вэ?

- Салбар бүр өөр өөрийн гэсэн онцлогтой гэж би хувьдаа боддог. Тухайлбал нийгэм, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, барилга, мал аж ахуй гээд бүх салбарт ажиллаж байгаа ажилтнууд албан хаагчид тухайн салбарт ажиллаж өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж яваадаа үргэлж бахархаж явдаг болов уу. Тиймээс тус тусын салбарын баярын өдрийг маш хүндэтгэлтэйгээр баярлан бахдаж өнгөрүүлдгийг хүн бүр мэднэ. Нөгөө талаас нийгэм өөрөө тэднийг хүлээн зөвшөөрсөн учраас улс даяараа хүндэтгэн хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг. Үл хөдлөх хөрөнгө зуучлагчид бидний хувьд өөрийн салбараа хөгжүүлж гадны улс орнуудын хөгжлийн хэмжээнд тодорхой түвшинд хүрсэн үедээ мөн монголынхоо иргэд байгууллагын итгэлийг хүлээсэн чанартай үйлчилгээг хүргэж нэгдсэн стандарттай, бусад салбаруудын нэгэн адил нийгэмд танигдаж хүндэтгэл хүлээх хэмжээнд очсон үедээ салбарынхаа баярын өдөртэй болоход  оройтохгүй болов уу гэж бодож байна. Яг одоогийн түвшинд хараахан цаг хугацаа нь болоогүй санагдаж байна. Бидэнд одоогоор эхлээд салбараа хөгжүүлэхэд анхаарч ажиллах нь илүү чухал болоод байна.

- Зуучлал хийж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу.

- Олон жил уулзах гээд холбоо барьж чадаагүй хүмүүс, хол ойрын хамаатан саднуудыг уулзуулсан олон сонирхолтой тохиолдлууд гарч байсан. Нэг талаараа холыг ойртуулж учруулдаг аль аль талынх хүсэл сонирхлыг хангаж олон хүмүүст буян болдог их сайхан салбар гэж ойлгож сэтгэл хангалуун явдаг даа.

ORONSUUTS.COM

ORONSUUTS.COM


Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд (3)

2018-09-18 00:05   А.Мягмаржаргал
заза тоглохоо боль хаха
2018-09-18 00:03   А.Мягмаржаргал
Т.Азжаргалтай танилцмаар байнаа манайхаан дугаарыг нь олоод өгөөч гуйж байна
2018-09-17 23:55   О.Итгэл
Т. Азжаргалын утасны дугаарыг өгнө үү
Шинэ мэдээ
Их уншсан