Грег Нойман / үл хөдлөх хөрөнгө зуучлагч/

Түүх     2018-09-11     168

Сан-Диего /Калифорни муж/

Ажлын туршлага -21 жил

Өмнө эрхэлж байсан ажил -15 жил мэргэжлийн барменаар ажилласан.

АЖЛЫН ҮР ДҮН /2001 оны байдлаар/

Байгуулсан хэлэлцээр -356

Борлуулалтын хэмжээ -113 сая доллар

Хувийн ашиг -3 сая доллар

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Борлуулагч –Женнифер /бизнесийн түнш/, борлуулалт хариуцсан найман агент

Туслах ажилтнууд –Оффис менежер /маркетингийн захирал, хэлэлцээр хариуцсан хоёр туслах ажилтан, листингийн зохицуулагч, зарлага/

ӨӨРИЙН ТУХАЙ

Эхлэл. Миний бие коллежид нэг жил суралцаад, дараа нь 15 жил барменаар ажилласан. Боловсролгүй атлаа мөнгө олох цорын ганц арга бол ямар нэг томоохон зүйлийн худалдаа эрхлэх гэдгийг би мэддэг байв. Ингээд л байшин барилга яг тохирно гэж би бодов.

Үнэн хэрэгтээ эхний жил хагас би шөнөөр цэнгээний газраа үргэлжлүүлэн ажиллаж, харин үл хөдлөх хөрөнгөө өдрөөр борлуулдаг байлаа.

Нэгэн орой би нэг сая долларын үл хөдлөх хөрөнгийн худалдааны саналыг боловсруулж сууж байтал цэнгээний газар ээлждээ явах цаг минь ч болов. Тэр үед би өөртөө: “ганц хором азнаач. Би энэ хэлэлцээрээс 30 мянган доллар унагах гэж байдаг, гэтэл 100 долларын төлөө бар руу гүйж байдаг” гэж хэлсэн юм. Тэгээд би даргадаа утасдаж хоцорч очих нь гэдгээ хэлсэн юм.

Амжилтад хүрэх түлхүүр. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийхэд надад ямагт хүнд хэцүү биш санагддаг. Хэлэлцээр байгуулах туйлын дуртай. Аливаа хүндрэлийг хэрхэн даван туулж, зөрчилдөөнөөс зайлсхийхээ би мэддэг. Хүмүүстэй хэрхэн харилцахаа ч бас мэднэ, тиймээс буулт хийх үед нь үйлчлүүлэгчдээ үргэлж тав тухыг мэдрүүлж байхаар ажлаа хийдэг.

Урьд нь би  бүгдийг буруугаар хийдэг байсан. Би мөнгөтэй буруу харьцдаг байлаа. Үл хөдлөх хөрөнгө эзэмших туршлагагүй атлаа оффис худалдан авч өөр нэг оффистой нэгтгэсэн. Дэлхийн бараг бүх мөнгийг олж авахыг хичээдэг байв. Эцэст нь захиргааны түвэгтэй ажлыг даалгаж болох туршлагатай хүнийг олж өөрөө үл хөдлөх хөрөнгийн агентын үүргийг гүйцэтгэж эхэлсэн.

Хамгийн эхэнд би арван борлуулалтаас эхэлсэн, дараа нь 23, сүүлдээ бүр 30 байшин худалдсан. Дараа нь туслах ажилтан хөлсөлж авахад миний бизнес бараг хоёр дахин өсөж билээ. Тэр үед би долоо хоногийн долоон өдөр, өдөрт нь арван цаг ажилладаг байв. Харин одоо ажлын багийнхаа бүрэлдэхүүний ачаар сард найман амралтын өдөртэй болсон. Гэлээ ч гэсэн сүүлийн жил миний бизнес 1,6 сая долларын цэвэр ашиг олсон доо.

Урам зоригийн эх үүсвэр. Энэ бүхэнд хязгаар байхгүй гэдгийг би үргэлж мэдэрдэг. Үл хөдлөх хөрөнгийн салбарт боломж бололцоо хязгааргүй. Та хүсвэл хэн  ч болж болно.

Үйлчлүүлэгчдийг татах. Зөвхөн болж өнгөрсөн баримтыг  цаг тухайд нь хүлээн авах биш, зах зээл дээр өөрчлөлтийг би урьдчилан харж чаддаг. Үүний тулд л миний бие маркетингийн тэргүүний аргуудад суралцсан юм шүү дээ. Зар сурталчилгааны өнгөт хуудсуудыг байрлуулж / энэ нь олны анхаарлыг их татдаг/, листинг бүрээр, объект бүрээр 200 ил захидал илгээдэг. Миний хувьд даган дуурайдаг хүн бол алдарт риэлтор Алан Доум юм. Тэрээр надад зах зээлийн хязгаарыг тодорхойлж, бас цаг хугацааг хамгийн үр ашигтай зарцуулахад сургасан билээ.

Эх сурвалж: Үл хөдлөх хөрөнгө зарж саятан болох аргууд номын хэсгээс авав.


Сэтгэгдэл бичих

Илгээх
Шинэ мэдээ
Их уншсан