Бурхан хүнийг бүтээсэн бусдыг нь барилгачид бүтээсэн

Газар тэнгэрийн дундах их бүтээн байгуулалтын эздэдээ  барилгын салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бараг ардын хувьсгалтай үе чацуу 1926 онд байгуулагдсан энэ салбарыг оноор нь тооцох юм бол төлөвшсөн мэт харагдах боловч орос ах нарын 1960-аад онуудад барьсан барилгын эрчимтэй хөгжил их бүтээн байгуулалтуудыг оролцуулаад 1990-ээд оноос л  хувийн хэвшлийн үндэсний компаниудын босгосон хөгжиж  яваа салбар.

Анхны компаниудад “Жигүүр гранд” групп, “Модун” ХХК, “Гангар инвест” ХХК, “Эрэл” ХХК, “Заг” ХХК  гэх мэтээр тоологдох цөөхөн аж ахуйн нэгж байсан бол одоо барилгын тусгай зөвшөөрөлтэй 1452 аж ахуйн нэгж бүртгэгджээ.
 
Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын комисс 926 барилга хүлээн  авснаас, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 384 барилга баригдаж байна. 926 барилгын цаана  өчнөөн айлын  орон сууц  ашиглалтад орсон нь чамлахааргүй тоо.
 
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын статистик мэдээгээр  2010 онд 350.8 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэний 326.5 тэрбум төгрөг буюу 93.1 хувь нь дотоодын, 24.3 тэрбум төгрөг буюу 6.9 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна. Барилга угсралт, их засварын ажил өмнөх оныхоос 71.4 тэрбум төгрөг буюу 25.6 хувь, үүнээс дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажил 75.9 тэрбум төгрөг буюу 30.3 хувиар өссөн гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Хэдийгээр өссөн мэдээлэл гараад байгаа ч Улаанбаатар хотын талаас илүү өрх нь гэр хороололд амьдарсаар.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын зургаан дүүрэгт 130 гаруй аж ахуйн нэгжийн орон сууцны барилга баригдаж захиалга авч байгаа бөгөөд орон сууцны дундаж үнэ мкв нь 1.300.000 төгрөгийн ханштай байна. Хамгийн хямдхан орон сууцны захиалгыг СХД авч байгаа бөгөөд мкв үнэ нь 1.000.000 төгрөгөөс доош байгаа бол хамгийн үнэтэй орон сууц нь ХУД-т баригдаж байгаа “Суруга монгол” ХХК –ийн JAPAN TOWN орон сууцны мкв нь 3.000.000-3.500.000 сая төгрөгийн үнэ ханштай байна. Хан-уул, Баянзүрх дүүрэгт хамгийн олон орон сууцны барилга баригдаж захиалга авч байгаа бөгөөд Сүхбаатар, Чингэлтэй нийлээд 10 ч хүрэхгүй байна. Цөөхөн хэдэн компаниудыг эс тооцвол мкв-ийн үнийг монгол мөнгөөр бодож байгаа нь олзуурхууштай.

Орон сууцны үнэ он гарснаас хойш  мкв тутамдаа 50-100.000 мянган төгрөгөөр огцом өсөв. Энэ өсөлтийг Засгийн газраас хэрэгжүүлэх 100.000 мянган айлын орон сууцны хэрэгжилттэй холбогдуулан, хямд үнэтэй орон сууц зах зээлд гарахаас өмнө байраа үнэтэй зарах гэсэн барилгын компаниудын бодлого гэж тайлбарлах нь ч бий. Энэ нь арай л өрөөсгөл ойлголт. Ер нь бол орон сууцны үнэ эрэлт нийлүүлэлтийн зарчмаараа л явагдаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил, мөн арилжааны банкууд орон сууцныхаа зээлийн урьдчилгаа төлбөрөө багасган, хүүгээ бууруулж, хугацааг нь уртасгасан зэрэг нь орон сууц худалдан авах чадварт нөлөөлсөн. Монгол банкнаас гаргасан банкнуудын ипотекийн зээлийн тайланд орон сууцны зээл тасралтгүй өсөлттэй яваа нь үүнийг нотолж байна.
 
“MCS property” ХХК нь бага мкв-тай үнэ хямд 1752 айлын орон сууцыг залуу гэр бүлд зориулан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа нь таатай санагдаж байна. Хамгийн олон орон сууц зарсан, эрэлттэй компаниудаар “Хурд” групп, “Макс өргөө” ХХК, “Их үйлсийн эрэлд” ХХК, “Орчлон констракшн” ХХК, “Гангар инвест” ХХК, “Жигүүр гранд” групп зэрэг  газруудыг нэрлэж болно. Хамгийн их борлогддог эрэлттэй өрөөний сонголт 1-2 өрөө байдаг бөгөөд бага мкв-тай орон сууцыг “Визард говь” ХХК, “МДТОФ” ХХК, “Ерөө импекс” ХХК, “Цэлмэг ази констракшн” ХХК,  “Моксу” ХХК зэрэг эдгээр компаниуд барьж ашиглалтад оруулж байна.

Орон сууцны үнийг гурван түвшинд хувааж үздэг бөгөөд дундаас дээш орлоготой иргэдэд зориулсан орон сууц Баянмонгол хороолол. Хороолол гэдэг утгаар хамгийн сайн тохижилттой газар гэж онцолмоор байна. Харин өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууцанд  яах араггүй япон чанараар бишрүүлсэн JAPAN TOWN-ийг нэрлэж байна.  

Хүмүүс ямар барилгыг чанартай, шилдэг нь  вэ?  гэж асуудаг. Хариулахад маш түвэгтэй асуулт. Шилдэг барилга гэдэг нь ямар шалгуураар үнэлэгдэх ёстой вэ? Барилга.мн жилд хоёр удаа болдог  өөрийн үзэсгэлэнгийн үеэр, мөн шинэ жилийн BARILGA WEST AWARDS- аар, Координат инфо ХХК нь шинэ жилийн АЛТАН ЦАМХАГ-аар, МҮХАҮТанхимаас зохион байгуулдаг шилдэг 100 аж ахуйн нэгжээр, Монголын архитекторуудын эвлэл,  хотын, дүүргийн, татварын газраас гээд л барилгын шилдгүүд шалгарна.

Барилгын компанийн сайт руу орохоор бүгд л ямар нэгэн газрын  шилдэг барилгаар шалгарсан байдаг. Миний бодлоор мэдээж барилга нь чанартай, татвар төлөлтөөр хамгийн сайн,  дээрээс нь монгол залуучуудыг ажлын байраар хангадаг байвал тэр ШИЛДЭГ БАРИЛГА  гэсэн шалгуурыг зүй ёсоор хангах байх. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2011 оны жилийн ажлын хүрээнд барилгын 64 аж ахуйн нэгжид 2285 иргэнийг ажиллуулж байна.

Хүмүүс барилгын компанийн нэрийг цогцолбор хотхоны нэртэй хольж хутгах тал бий. Хамгийн анх орон сууцанд  Жаргалан, Нархан хотхон, Оддын хотхон, Хөгжил хотхон, гэх зэрэг нэр өгч эхэлсэн. Одоо бараг бүх барилгууд өөрийн гэсэн утга санаа бүхий нэртэй. Жишээ нь Тэдмэнт ХХК нь барилгаа “Американ дэнж” гэж нэрлэх болсон нь: Ардын хувьсгалаас өмнө  Богд хаант автономит засгийн үед дээрх газарт палеонтологийн судалгаа хийх зорилгоор ирсэн америкчуудын өндөр шургааган хашаа бүхий хороо байсан нь тэр үеийн хүрээнийхэн “Америк дэнж” гэж  нэрлэж байжээ. Мөн Модун ХХК нь барилгаа “Богдын өндөр”  гэж нэрлэсэн нь зүгээр ч хэрэг биш зүүн талд нь Богдын өргөө байгаа болохоор тэгж нэрлэжээ. K&T констракшн “Аман хуур” дижитал хороолол, “Гангар инвест” “Ногоон төгөл” хотхон, Номин констракшн ХХК “Өнөр” хороолол гэх мэт нэр өгчээ.

 Компаниудын уриа үгээс сонирхуулахад “Жигүүр гранд” группын “Тэнгэрт тэмүүлж, газарт гагнагдсан их бүтээн байгуулалт”, “Гангар инвест” ХХК-ийн “Монголын барилгын мэргэшсэн байгууллага” гэх мэт өвөрмөц содон гоё үгнүүдтэй.   Гоё реклам шигээ чанартай, сэтгэлд нийцсэн  барилга хайна гэдэг маш хэцүү. Үгүй ядахдаа л манайхаар үйлчлүүлэгчийн нэг нь байр зарахаас илүүтэйгээр олно гэдэг хамгийн хэцүү юм гэж дуу алдаж байх вэ дээ. Орон сууц худалдан авахад дараах гурван хүчин зүйл нөлөөлдөг. Дүүрэг, өрөөний сонголт, мкв үнэ ханш. Энэ гурвыг нэгтгэнэ гэдэг маш хэцүү. Хүмүүс ихэвчлэн байр авах дүүргээ эхэлж сонгодог. Ажил сургууль цэцэрлэг гээд л амьдралынхаа  аль ойрхон газарт орон сууц хайдаг. Дараа нь өрөөний сонголт. Амьжиргааны түвшнээсээ хамааран орон сууцны сонголт гарч ирнэ. Сүүлд нь яах аргагүй хамгийн чухал зүйлийн нэг мкв үнэ. Иргэн сонгосон дүүргээсээ хоёр өрөө орон сууц хайлаа гэж бодъё. Мкв талбай нь болж байна .Даан ч үнэтэй. Эсвэл бүүр эсрэгээрээ мкв нь боломжийн үнэтэй ч хоёр өрөө байр байхгүй. Дээрх хоёр сонголтууд аль аль нь байлаа ч орчин нь таалагдахгүй гээд олон асуудал гарч ирнэ.

Ямар барилгыг хамгийн сайн чанартай гэж хэлэх вэ. Бүрэн цутгамал, найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй барилгыг хэлэх үү. Манай барилгын бүх компаниуд л танилцуулга дээрээ найман баллд тэсвэртэй  гэж бичдэг. Яг үнэндээ газар хөдөлсөн хөдлөөгүй энэ тэр булан тохойгоороо цуурч ховхорч унасан барилга Улаанбаатар хотод байж л байна. Сангийн яамны шинэхэн байрны өнгөлгөөний хавтан хагас жил ч болоогүй хэсэг газраараа унаж ховхорсон.

Хүчтэй салхийг найман баллын газар хөдлөлттэй харьцуулж болохгүй. Үнэхээр л тэр гай нь ирлээ гэхэд хэд нь босоогоороо үлдэхийг хэлэхэд бэрх. Зарим нэг компаниуд борлуулалтын албуудынхаа дэргэд загварын байр гэгчийг гаргасан байдаг. Донж төрхийг нь гаргасан интерьер, экстерьер засалтаар сайхан ханын цаас наагаад, маркетинг талаасаа авууштай бодит реклам.

Гэхдээ миний бодлоор загварын байрыг ханын цаас нааж гоё чамин харагдахаас нь илүүтэйгээр цаасны цаадах ханыг ямар орц найрлагатай бүтээгдэхүүнээр босгосон бэ гэдгийг оригоор нь харуулах хэрэгтэй. Манай барилгын компаниуд мөнгө төгрөгөө хэмнэх зорилгоор  захиалагч нь гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь хөндлөнгийн хяналт үгүй болж чанарт нөлөөлж байна.

Барилгын компаниудад орон сууцны борлуулалтын мэргэжилтэн боловсон хүчин дутмаг байна.  Манайд ийм чиглэлийн мэргэжил байхгүй болохоор ямар ч мэргэжлийн хүн хамаагүй энэ салбарт  ажилладаг гэсэн үг. Борлуулагчийн ерөнхий шаардлага нь зөв боловсон харьцаатай, ярианы чадвар сайн, ухуулах авьяастай нэг ёсондоо сэтгэл зүйч мэргэжил энэ салбарт дөхөж очих  юм шиг санагддаг. Хамгийн сайн орон  сууцны борлуулалтын мэргэжилтэнтэй газар “Аман хуур” хотхон, Визард говь, “Инэл” гэх мэт газрууд байгаа бол хамгийн муу газар нь БЗД-ийн 2-р хороонд баригдсан Өвөр ХХК онцолмоор байна.

Орон сууцанд мкв-ийн зөрүү зарим нэгэн компани дээр мэр сэр гараад байгаа. Уг нь бол 2009 онд Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан “Орон сууцны барилгын доторх талбайг тооцох аргачлал”-ийг бүх барилгын компаниуд мөрдөх ёстой. Төр засаг баталсан баримт бичиг стандартынхаа хэрэгжилтэд анхаардаггүйгээс болж иргэд тодорхой хэмжээгээр хохирч байна. Нөгөө талаас иргэд гэрээнийхээ заалт бүрийг  маш сайн уншиж гарын үсэг зурах хэрэгтэй. Иргэний захиалгын дагуу хэмжилт хийх аж ахуйн нэгж ч хомс байна. Нэг мкв-ийн зөрүү гэдэг 100.000 мянган төгрөгийн асуудал биш  саяар тоологдох мөнгөн дүн. Тагтны мкв-ийг 0.3 гэсэн итгэлцүүрээр тооцон бодож орон сууцны захиалга авах байтал зарим газрууд тэр чигт нь оруулна. Барилгын компаниудын танилцуулгыг судалж үзэхээр нэг их гоё цогцолборын нэр, autocad 3d max дээр зурсан зураг, өрөөний мкв-ийн зураг, тэгээд манай давуу талууд гэсэн урт жагсаалт, утасны дугаарууд байдаг.

Барилгын компаниудын хайхралгүй орхидог хамгийн чухал зүйлийн нэг борлуулалтын утасны дугаар. Хөлөө олсон том газрууд ч яахав утасны дугаарууд нь бүгд ижилхэн компанийн дугааруудтай. Харин тэр болгон олонд танигдаагүй газрууд ажилтан авахдаа тухайн хүнийхээ утсан дээр захиалга авдаг. Тэр хүн нь гурван сарын дараа  ажлаас гарсан ч  нөгөө утсан дээр орон сууцны захиалга авах тухай сонин, сэтгүүл, сайт мэдээллийн хэрэгслээр нь яваад байдаг. Тухайн газартайгаа өс хонзонтой гарсан бол  тэр компанийнхаа талаар мэдээлэл утсыг нь өгнө гэдэг гонж. Энэ нь манай байгууллагын хувьд  маш их мэдрэгддэг. Тиймээс жижиг гэлтгүй энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Манай барилгын тухай хууль хэр мөрдөгдөж байгаа бол. Та юу гэж бодож байна. Барилгын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн есдүгээр зүйлийн 9.1.3-д заасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээг хангасан 9.1.4 – д заасан Зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй зэрэг нь хэр  мөрдөгдөж байгаа бол. Миний мэдэхийн хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэдэд зориулж шатны дэргэд  налуу бууж өгсөх зам бараг байдаггүй. Уг нь барилгын тухай хуулийн 12.4-д  Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна гэж заасан ч барилгын компаниуд иргэдтэй хийдэг орон сууцны захиалгын гэрээндээ нэг юм уу хоёр жил гэж тусгасан байдаг.

Дөнгөж барилга барих  газар шорооны ажлаа эхлэнгүүт иргэдээс захиалга авч эхэлдэг. Барилгын тухай хуульд гүйцэтгэл өндөр хувьтай болж байж захиалга авна гэсэн заалт байдаггүй. Энэ нь орон сууц захиалагчдыг маш их хохироодог. Жижиг компаниуд орон сууц барих 50%-тай хөрөнгөөр барилгаа эхлүүлээд орон сууц захиалагчдын мөнгөөр дуусгадаг гэвэл хилсдэхгүй байх. Хэрэв орон сууцны захиалга үлдсэн 50% нь хангалттай орж ирэхгүй бол яах вэ. Мэдээж түрүүлж захиалсан иргэд мөнгөө түгжүүлж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу үетэй тулгарна. Энэ мэт барилгын салбарт дутуу талууд их бий. Тэр хэрээр ололттой нь ч их.

Ямарваа нэгэн салбарт алдаа оноо, сайн муу алив бүхэн хосолж урагшилдаг болохоор мөдхөн 100 жилийнхээ ойгоор Монголын барилгын салбар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, гэр хорооллоо цөмийг нь барилгажуулсан сайхан бүтээн байгуулалтаар угтана гэдэгт итгэлтэй байна. Монголын хамгийн өндөр барилгаар 25 давхар BLUE SKY бүртгэгдсэн. Бид монгол барилгачдынхаа  итгэл зүтгэл чадварт нь итгэх ёстой. Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бүтээсэн гэсэн энэ сайхан үгээр нийтлэлээ өндөрлөе.  

naranmandakh.purev
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Бусад
Их уншсан