100 мянган айлын орон сууцанд зайлшгүй бодох асуудал

 

ORONSUUTS.comХаврын эхэн сарын эхний өдөр улс төрчид 100 мянган айлын орон сууц гэгчээр шоу тоглож орон сууцны үнэ өсгөсөн. Эрэлтийг хангахгүй нийлүүлэлт ярьж орон сууцны үнэ өсгөчхөөд ард түмэнд барилгын компаниудыг луйварчин болгов. Орон сууцны мкв бодит үнэ 1.193.000 мянган төгрөг гэнэ. Хэдхэн жилийн өмнө 4000 айлын орон сууцны хөтөлбөрийг 1 мкв  талбайг 850.000 мянган төгрөгт барих гээд чадаагүй. Өнөөдрийн байдлаар орон сууцны дундаж үнэ 1.500.000 мянган төгрөг байна. Судалгаанд дурдсанаар 1 мкв бодит үнэ 1.193.000 төгрөг бол яалт ч үгүй хөөс байгаа хэрэг. Ямар ч барилгын компани бид эх орон ард түмэндээ хайртай гээд эрэлтийг сөрж үнээ буулгахгүй нь лавтай. Хөтөлбөр гэж гарснаар 100 мянган айлын орон сууцнаас байр авахгүй иргэд хүртэл хохирсон.

Орон сууцны  үнийн өсөлтөд  нөлөөлсөн хүчин зүйлийг олох гэж олон талаас нь янз бүрийн гаргалгаа хийж тайлбарласны хамгийн тэнэг нь орон сууцны ченжүүд гэж үзэв. Гарын арван хуруунд багтах бор зүрхээрээ хөдөлмөрлөж  яваа  хэдэн зуучлалын компаниуд л байгаа ш дээ. Тэрнээс биш давхар орцоор нь худалдаж аваад дамлаж зараад байгаа ченжүүд хэр олон байгаа бол доо.

Энэ жилийн орон сууцны үнийн өсөлт бууралтыг янз бүрээр тайлбарлаад байгаа. Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч ноён М. Батбаатар -Хүссэн хүсээгүй орон сууцны үнэ буурна гэж ноднин жилээс өнөөдрийг хүртэл батлаад байгаа бол Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захиал Ц.Эрдэнэбаяр -Орон сууцны үнэ тогтворжино уу гэхээс буурахгүй гэж няцааж байгаа. Ер нь бол  орон сууцны үнэ гэв гэнэтхэн энэ жил нэмэгдсэн зүйл биш ноднин жилийн өвлөөс эхэлсэн өсөлт гэдгийг дурдах хэрэгтэй. Ноднин жилийн өсөлтөд банкуудын иргэдэд олгож байгаа зээл маш их нөлөөлсөн. Бүх л арилжааны банкууд хүү, урьдчилгаагаа бууруулж , хугацаагаа уртасгасан. Хаан банк гэхэд л  “Мөрөөдлийн байр” гэдэг аян хүртэл  өрнүүлсэн. Иймхэн зүйл дээр эрэлт нэмэгдэж үнэ өсөж байхад 100 мянга дээр аргагүй шүү дээ. 100 мянгад хамрагдах горьдлого тээсэн хүмүүс орон сууцны үнэ цаашид өсөх үү, буурах уу одоо байр авч байгаа маань зөв үү, буруу юу гэж байнга асуудаг. Хэдийгээр орон сууцны үнэ өндөр байгаа ч одоогийн батлагдсан хөтөлбөрөөр бол 10% урьдчилгаа, 6% хүү гэдэг бол үнэхээр боломжийн нөхцөл. Харин дараа жил орон сууцны үнэ буурлаа гэхэд төр энэ журмаа цааш нь үргэлжлүүлээд явж чадах уу. 10%, 6% гэдэг маань ерөөсөө болохгүй нь, аль аль талдаа хэцүү юм байна. Уучлаарай, бид хүү болон урьдчилгаагаа өсгөлөө гэж нэг л өдөр зарлавал яах вэ?  Барьцгүй  төр, бодлогогүй шийдвэр гаргагчтай   болохоор үнэхээр баталгаагүй.

Засгийн газрын 341-р  тогтоолоор батлагдсан орон сууцны жагсаалт гэгч нь үнэхээр өрөвдөлтэй. 2-р ээлжийн орон сууцны жагсаалтад Чингэлтэй дүүрэгт баригдах Бүргэд хайрхан ХХК  28 айлын орон сууц гэж байна. Эзэн нь хөтөлбөрт хамрагдсанаа ч мэдээгүй яваа тэрээр –Манайх хөдөө орон нутагт байдаг. Чингэлтэй дүүрэгт барилга барих газартай юм. Тэгээд л оруулсан юм байна. Барилгын ажил одоохондоо эхлэх болоогүй гэлээ. Иймэрхүү хэчнээн газрыг ЗТБХБЯ-ны  сайд Ц. Дашдорж - Энэ жил  11900  айлын орон сууц ашиглалтад орно гэж хэлсэн тоондоо оруулсан бол доо. Бушуу туулай борвиндоо баастай гэж эртний сайхан үг бий. Яаран сандран баталсан хөтөлбөр нь хэл ам дагуулсаар....

 Дараачийн асуудал бол яалт ч үгүй боловсон хүчин. Хөдөлмөр халамжийн  үйлчилгээний газраас гаргасан  2011 оны 12 сарын тайлан мэдээнд гадаадын 51945 хүн барилга дээр ажиллахаар монголд иржээ. Тэгвэл 2012 оны 2 сарын тайлан мэдээнд ажил олгогчоос барилга дээр 2090 ажлын байр санал болгоход ердөө 192 хүн л ажилд орсон байна. Манайдаа ганц гэгдэх Барилгын коллеж буюу ШУТИС-ын харьяа Политехникийн коллеж нь 9 мэргэжлээр бүрэн дунд боловсролтой мэргэжилтэн, 5 мэргэжлээр тусгай дунд боловсролтой мэргэжилтэй техникч, 6 мэргэжлээр үндэсний мэргэжилтэн нийт 2 мянга хүрэхгүй  оюутантай гэж байгаа. Хаанаа ч хүрэхгүй боловсон хүчин. 100 мянган айлын орон сууцтай холбогдуулж  боловсон хүчний асуудал ямар байгааг АЖ КОНСТРАКШН  ХХК   захирал Б. Батсууриас тодруулахад.- Дотоодоос барилга дээр ажиллах хангалттай боловсон хүчин байхгүй байгаа.  Манайх үндсэн 40 гаруй ажилтантай.  Хятадаас квотоор 39 хүн авч ажиллуулж байгаа. Монголчуудыг авч ажиллуулахад хулгай хийдэг, хэнэггүй зантай, танхай, архичин ийм л байна шүү дээ. Харин хятадууд бүтээмж өндөртэй байдаг гэлээ. Энэ асуултыг дараагийн хүнд тавьсан маань ИХ ҮЙЛСИЙН ЭРЭЛД ХХК ерөнхий инженер Ш. Баярсайхан байлаа. Тэрээр –Ажилчид байтугай сайн инженер ч олдохгүй байна гэлээ. Саалиа бэлдэхээр саваа бэлдээ гэж үнэхээр үнэн үг шүү

Дараачийн хөндөх сэдэв бол барилгын материал. Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж Монгол улсын засгийн газрын 2007 оны 222-р тогтоолоор дэмжигдэж, Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 10 сарын 04-ний өдрийн 165-р тушаалаар батлагдсан. 2007-2015-оны хооронд хэрэгжих "Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ" гэсэн 245.4.1.10 дугаар заалт нь ямар ахицтай яваа бол доо.  2011 оны байдлаар барилгын материалын 700 гаруй үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн.

Барилгын салбарт /Газрын Харилцаа Барилга Геодези Зураг Зүйн Газрын судалгаагаар/

 

    Барилгын материалын үйлдвэрлэл

Барилга барихад 20 мянга гаруй нэр төрлийн материал хэрэглэдэг гэсэн. Үүнээс гол нэрийн бүтээгдэхүүн цемент, төмөр бетон бэлдэц, арматур гэх мэт дотоодынхоо хэрэгцээг хангах үйлдвэрлэл барих хэрэгтэй. 100 мянган айлын орон сууцны хөтөлбөртэй дулааны 5-р цахилгаан станц  яалт ч үгүй холбогдоно. Өнөөдрийн байдлаар зөвхөн судалгаа шинжилгээ бичиг цаасны ажил дээрээ явж байгаа болохоор 2016 он гэхэд дуусах 100 мянган айлын хэрэглээний ачааллыг даана гэсэн баталгаа байхгүй.

Яагаад энэ  хөтөлбөрийн дуусах  хугацааг 2016 он гэж давчуу тавьсныг ойлгохгүй юм.  Бас дахиад л хардалт. Дараагийн сонгуулийн  эрх баригч намын шоу болж мөрийн хөтөлбөрт нь Их бүтээн байгуулалтыг тэдэн хувьтай гүйцэтгэсэн гэж бичигдэнэ дээ. 7-р хорооллын айлуудаа нүүлгэж,  газраа чөлөөлөөгүй байж юу л болох бол  доо гэж эргэлзэх юм. Хэдийгээр энэ мэтчилэн  асуудал байгаа боловч нэг талаасаа 100 мянган айлыг эхлүүлсэн нь олзуурхууштай хэрэг гэж хүлээж авах нь зөв болов уу.

naranmandakh.purev
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Бусад
Их уншсан