25.000 & 11.900 < 100 мянга

Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр 100 мянган айлын орон сууц хэрэгжсэнээр даруй 7 сар болох гэж байна. Засгийн газар  2012-2016 оны хооронд  4 жилийн хугацаанд хэрэгжих  уг  хөтөлбөрөө дунд хугацааны зорилтот хөтөлбөр гэж байгаа. Дунд хугацаа нь урт хугацаа болох нь тодорхой болсон. Жилдээ 25 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж гэмээ нь  100.000 мянган айлын орон сууцны  хөтөлбөр хэвийн явагдана.

Гэтэл ЗТБХБЯ сайд Ц. Дашдорж  25.000 айлын орон сууц яригдаж байхад 11.900 айлын орон сууц 2012 онд ашиглалтад орно гэж хээв нэг хэнэг ч үгүй хэлсэн. Хөтөлбөр  хийх хоёрын хооронд хол зөрүү харагдаж байна. Өнөөдрийн байдлаар Төрийн банкнаас дөнгөж 370 хүнд  зээл олгох  шийдвэр гарчээ.  Харин Капитал банкнаас одоогийн байдлаар  зээл гаргаагүй байгаа гэнэ.

100 мянган айлын орон сууцны  хөтөлбөр нь анхнаасаа л асуудал дагуулж ирсний нэг нь орон сууцны  жагсаалт байв. Засгийн газраас баталсан  2011 оны 341-р тогтоолын хавсралт 1-р ээлж, 2012 оны 82-р тогтоолын хавсралт 2-р ээлж , 2012 оны 206-р тогтоолын хавсралт 3-р ээлж гэж гарсан. Гурван ээлж  нийлээд нийт 131.448 айлын орон сууц. Үүнээс  Улаанбаатар хотын дүүргүүдэд  баригдах 110.091 орон сууц болж байна.  

Жагсаалтанд хамрагдсан нэрүүдээс хамгийн олон айлын орон сууцыг Кей энд Ти констракшн ХХК  15.000 айлын орон сууц барихаар зэхэж. Баригдах газар нь БЗД –ийн 13,14 хороо буюу Нарантуул захын арын гэр хороолол. Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал,  Кей энд Ти констракшн ХХК захирал  Ц. Эрдэнэбаяраас 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрхэн хүлээн авсан, одоо яригдаж байгаа 15 мянган айлын  орон сууцны барилгын явц ямархуу  шатанд явж байгаа талаар тодруулахад – Хөтөлбөр нь зөв боловч хэрэгжилт нь тааруу  байна. Юун түрүүн гэр хорооллын  газар чөлөөлөлтийн асуудлыг  хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй. Тийм  эрх зүйн тогтолцоо  манайд алга.  Аятайхан яриад ч  газраа өгөхгүй, албадан нүүлгэж бүүр ч болохгүй ийм л нөхцөл байдалд бид байна. Одоогийн байдлаар манай компани барилгын ажил эхлээгүй байна  гэлээ.

Тэгвэл дараагийн хамгийн олон айлын орон сууцны шалгуурт СХД –ийн Баянголын ам буюу олон улсын хүүхдийн Найрамдал зуслан орох замд баригдах  10.000 айлын орон сууцны шинэ хотхон байгуулах “Мянганы хотхон” төсөл орж байна. Барилгын явцын талаар  “Москва Комплекс” ХХК -ийн ерөнхий захирал С. Батсүхтэй холбогдож асуухад:  Бид уг төслийн ерөнхий төлөвлөгөөг 2000, 2009 онд зохих байгууллагуудаар батлуулсан. Ийм том төслийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн эхэлж хийх гол ажил нь уг төслийг хэрэгжүүлэх газрыг нийслэлийн дэд бүтцэд холбох ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хуультай юм. Энэ ажлыг аль 2005 оноос эхэлсэн боловч өнгөрсөн 7 жилийн хугацаанд олон сайд, дарга нар солигдсоноос, хүн бүр өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн төсөлд улсын хөрөнгийг зарцуулах сонирхол нь дийлж, урьд өмнө нь нэгэнт их хэмжээний хөрөнгө зарцуулж эхэлсэн ажлаа дуусгалгүй, түүнд хувиарлагдсан хөрөнгийг нь өөрсдийнхөө дэмжиж буй өөр төсөлд эрх мэдлээ ашиглан зарцуулж ирсний улмаас өнөөдөр манай төсөл эхлэх боломжгүй болчхоод байна.

Учир нь  улсын 20 орчим тэрбум төгрөг зарцуулж хийсэн цэвэр бохир ус, дулааны шугам, сүлжээ байгуулах ажил 90-100%-ийн гүйцэтгэлтэй байгаа боловч цахилгаан, дулааны эх үүсвэр байгуулах ажлыг одоог болтол хийгээгүй байгаагаатай холбоотой. Нэгэнт дулаан, цахилгаанаар хангах асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байхад бид барилга эхэлж, өөрсдийн болон банкнаас зээл авсан худалдан авагчдын их хэмжээний хөрөнгийг удаан хугацаагаар түгжих боломжгүй юм. Бид барилгын ажлыг энэ оны 4-р сард эхлүүлэхээр зураг, төслийг боловсруулаад НБХБТГазар болон ерөнхий архитекторд хүргүүлсэн боловч тэд өнөөдрийг хүртэл манай зургийг баталж өгөөгүй байна. Мэдээж техникийн нөхцөл нь бүрэн бүрдээгүй барилгын зургийг баталж ажил эхлүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл болох тул тэд асуудлыг шийдэлгүй, бидэнд ч албан ёсоор хариу өгөлгүй зугтацгааж байгааг бид ойлгож байна.

Одоо бидэнд  дээр дурдсан дэд бүтцийн дутуу ажлуудыг 2012-2013 онд хийж дуусгах, улмаар 10000 айлын орон сууцны шинэ хотхоныг нийгэм, соёл ахуйн зориулалттай барилга байгууламжийн хамт иж бүрнээр нь байгуулах асуудлыг шинээр байгуулагдах барилгын яам болон нийслэлийн удирдлагуудад тавьж, хамтран ажиллах хүсэлтээ уламжлахаар бэлтгэж байна даа” гэлээ...

Ийнхүү 25 мянган айлын орон сууцны барилгын ажил  энэ жилдээ эхэлж, баригдахгүй нь  тодорхой боллоо. Эдгээр хөтөлбөрт хамрагдсан 30 гаруй компани 1000 дээш айлын орон сууц барина гэсэн хүсэлтээ өгсөн ч ихэвчлэн бүгд эхлээгүй  байгаа нь харамсалтай.  

Хөтөлбөрт хамрагдсан  орон сууцуудыг  ажилчдын захиалгат орон сууц,  дууссан, эхлээгүй,  хамрагдахгүй, захиалга авч байгаа  гэж  дотор нь ангилж үзлээ. Тодорхой хувийг  нь ажилчдын  захиалгат орон сууц  эзэлж байна.   МҮОНРТ, Онцгой байдлын ерөнхий газар, Гааль,  Дулааны 4-р цахилгаан станц, Эрчим хүчний газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ,  Хилийн цэргийн 0119-р анги, МҮЭ-ийн холбоо, Улсын прокурорын ерөнхий газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Арьсны өвчин судлалын үндэсний төв, ЦЕГ-ын ЭЦГ, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн цагдаагийн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Удирдлагын академи, Хүнсний технологи гэх мэт.  Байгууллагууд нь ажилчдаа 6% хамруулчих санаатай  оруулсан гэж ойлгож байгаа.

Харин  барилгын ажил нь эхлээгүй компаниудаас Жарсан ХХК, Хан Хайрхан ХХК, Инэл ХХК, Эрин Интернэшнл ХХК, Гэзэгийн худаг ХХК, Эс энд Ви Юу ХХК, Хонгран офеко ХХК, Кей энд Ти ХХК, Москва комплекс, Тулга констракшн, Модун ХХК, Шинэ эхлэл түм ХХК, Карказ ХХК гэх мэт 40  гаруй  компани  байна.  Мөн захиалга нь аль түрүүн дууссан барилгууд жагсаалт  дотор явж байж жишээтэй  Номин констракшн ХХК –ийн Өнөр хотхон, Сайд нарын 2-р эмнэлгийн дэргэдэх Бридж констракшн ХХК –ийн барилга гэх мэт. Тэртээ тэргүй зах зээлд эрэлт байхад 100 мянгад хамруулж, Төрийн банкнаас мөнгө харж суугаад яахав гэж бодсон бололтой  Их үйлсийн эрэлд ХХК, Тэлмүүн Лхам компаниуд хамрагдахгүй  гэнэ .

Ингээд 30  гаруйхан  компани  100 мянгад горьдлого тээлгэж байна.  Урьдчилгаа 10% -ийг   маш цөөхөн газар авч байгаа бөгөөд  Заг ХХК, Алтан дөл ХХК, Эко Констракшн ХХК, Мөнгөн цамхаг ХХК, Азийн ирээдүй ХХК гэх мэт 10 хүрэхгүй компаниуд байгаа бол Саруул тэнгэр , Грийн ресурс, Эко констракшн зэрэг компаниудаас хамгийн олон хүмүүс  орон сууц авахаар гэрээ хийж  хүсэлтээ өгчээ.

 ОССК-аас заавал жагсаалтад хамрагдсан орон сууцнаас байраа сонго гэж байгаа. ЗТБХБЯ –аас 2011 оны намар 100.000 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах орон сууцны цогцолбор, хороолол, хотхоны төслийн урьдчилсан шалгаруулалт гэж  явагдсан. Тухайн үед барилга угсралтын компаниуд 100 мянгад хамрагдах боломжтой юм гэж хүсэлтээ өгсөн. Хүсэлт болгон  хамрагдана гэсэн үг биш гэдгийг  иргэд маань ойлгох хэрэгтэй. Уг хөтөлбөрийн нэгдүгээр болон хоёрдугаар ээлж гэж үнэндээ авах юмгүй жагсаалт гарсан. Харин 3-р ээлж нь өмнөх хоёроосоо арай л дээр юм.

100 мянган айлын орон сууцны хэрэгжилтийн хариуцлагыг тухайн үед засаг барьж байсан МАН болон зам нь засагддаггүй, барилга нь баригддаггүй ЗТБХБЯ  үүрэх  хэрэгтэй.

naranmandakh.purev
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Бусад
Их уншсан