100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн 1 жилийн ой

Ноднин жилийн  яг энэ өдөр буюу  2012 оны 02 сарын 21- ний битүүний өдөр “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр 100 мянган айлын орон сууцны  хүрээнд  хэрэгжих,  жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн журмыг Сангийн сайд Д.Хаянхярваа, ЗТБХБСайд Ц.Дашдорж, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нар гарын үсэг зурж баталснаас хойш 1 жил болжээ. 2016 он гэхэд бүрэн хэрэгжээд дуусах ёстой энэ хөтөлбөр маань  маш олон асуудал бэрхшээлтэй  тулгарч байгааг та бүхэн мэднэ. Тэр байтугай хөтөлбөрт хамрагдаж хохирсон гэх  nbsp;хүмүүс хэвлэлийн бага хурал зарлаж байсан. Би энэ нийтлэлдээ  хувийн үзэл бодол, дүн шинжилгээ хийхийг хүссэнгүй. Тухайн үед хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд  гар бие оролцож байсан яамны сайд нар болон  бусад салбарын нөлөө бүхий албан тушаалтан захирлуудын  хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагын тоймоос хүргэж  байна.

Орон сууцыг 6-8 хувийн зээлээр авах боломжтой.

ЗТБХБЯ сайд асан Х. Баттулга / Нийгмийн толь сонинд  өгсөн ярилцлага /  

2011 оны 3 сарын 9

ORONSUUTS.com-'100 мянган айл орон сууц' хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа. Ингэснээр хөтөлбөрийн явц хурдасна гэсэн үг үү?
-Нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулах хороо байгууллаа. Анхны хурлыг нь өнөөдөр (өчигдөр) хийлээ. Цаашид хөтөлбөрийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шийдвэрлэх шаардлагатай бусад асуудлыг хэлэлцэнэ. Барилга байгууламжийн норм, норматив, ажиллах хүч, бүс нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр тодорхой эрхзүйн орчин бүрдүүлж ажиллах байр суурьтай байна. Орон сууц барихад гол нь санхүүжилт хэрэгтэй.

 

-Санхүүжилтийн ямар механизмаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх вэ?
-Нэг хэвшмэл загвараар хийхгүй. Дэд бүтцийн асуудал байна. Нийслэл 470 мянган га хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Үүний 25-30 орчим хувьд барилга барихаар төлөвлөгдсөн. Манай иргэдийн ихэнх нь дунд түвшний буюу 400 мянган төгрөгийн цалинтай. Иймээс тэдний орлогыг тооцоолж зээл олгосноор бага, дунд орлоготой иргэд байрандаа орж, үүнийг дагаад бусад салбар дэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл, 18 их наяд төгрөгтэй тэнцэх ажлын эхлэл бий болно. Үүн дотор төмөр зам, авто зам, орон сууц багтана. Иргэд өөрсдөө орлогожоод эхэлбэл орон сууцны борлуулалтад санаа зовохгүй болно. Энэхүү төсөл Засгийн газраар дэмжигдэж, санхүүжилтийн асуудал тойрч яригдсаар нэлээн удсан шүүмжлэл бий. Гэсэн ч ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Санхүүжилтийн хувьд уул уурхайгаа түшиглэж, Хөгжлийн банк байгуулаад түүнээс иргэддээ бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох гарц хайж байна...

Хөтөлбөр хэрэгжээд дуусахад 100 гаруй мянган айлын орон сууцыг

ашиглалтад оруулах бүрэн бололцоотой

ЗТБХБЯ сайд асан Ц. Дашдорж /  www.vip76.mn орсон ярилцлага /

2012 оны 4 сарын 23

ORONSUUTS.com-100 мянган айлын орон сууц хөтөлбөр 2016 оныг хүртэл үргэлжилнэ. Тэр болтол хэчнээн иргэнийг орон сууцжуулна гэсэн тооцоо гарсан байдаг вэ?

-Хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79486 айлын орон сууцыг хөтөлбөрт хамруулсан. Зөвхөн энэ онд ашиглалтад орох орон сууцны 9000 нь бидний тавьсан шаардлагад нийцсэн. Компаниудын барьж байгаа барилгын явцыг судлаад үзэхэд 1,6 жил буюу 18 сарын дотор 28 мянган айлын орон сууц ашиглалтад орохоор байна. Хөтөлбөр хэрэгжээд дуусахад 100 гаруй мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах бүрэн бололцоотой.

-Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжүүлж эхэлснээр орон сууцны үнийг хөөрөгдөж байна гэх юм. Үүнээс бага хүүтэй зээлийн ашиг гарахгүй байх тал руу хандаж байна ч гэж байна.Орон сууцны үнийг тогтвортой байлгахын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ? 

-Барилгын компаниудад яагаад тодорхой шалгуур тавьж гэрээ байгуулсан гэхээр үндсэндээ орон сууцны үнийн хөөргөдлийг зогсоох бодлогыг барьсан хэрэг. Өнөөдрийн байдлаар манай улс нийт цементийн хэрэглээний 35, арматурын хэрэглээний 30 хувийг дотоодоосоо хангаж байгаа. Энэ нь барилгын үнэ өсөх үндсэн шалтгаан болсон. Үндсэндээ барилгын материалын үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор зайлшгүй дэмжих цаг ирсэн. Удахгүй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хөтөлбөр хэрэгжээд эхний орон сууцууд жигд ашиглалтад ороод эхлэхээр эрэлт, нийлүүлэлт тэнцвэржээд үнэ дагаад буух ёстой.

Зургаан хувийн хүүтэй зээл тооцоо, үндэслэл муутай юм билээ

БХБЯ сайд Ц. Баярсайхан  /Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлага/

2012 оны 12 сарын 06

ORONSUUTS.com-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн явц ямар шатандаа явж байна вэ?

-Өнгөрсөн сарын 30-ны байдлаар ОССК-д 4083 иргэн орон сууцны зээл хүсэж материалаа өгсөн байна. Үүнээс шаардлага хангасан 3965 иргэний хүсэлтийг ОССК зөвшөөрч, материалыг нь Төрийн банкинд хүргүүлээд байгаа юм билээ. Харин 1081 иргэнд Төрийн банкнаас зээл өгч, 970 иргэний материалыг дахин судлуулахаар хойшлуулсан гэсэн. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас өгсөн 50 тэрбум төгрөгийн санхүүжилт нь дуусаж, урьдчилгаа төлбөрөө төлсөн 705 иргэн 'Зээлийн эх үүсвэргүй' гэсэн шалтгаанаар зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах бололцоогүй байна.

-Энэ хүмүүс зээл нь батлагдсан ч Төрийн банк санхүүгийн эх үүсвэргүйгээс байрандаа орж чадаагүй байгаа. Тиймээс Засгийн газар нэмж мөнгө гаргах боломж бий юү? 

-Энэ 705 иргэний зээлийн асуудлыг 30 тэрбум төгрөг байвал шийдчих бололцоотой юм билээ. Тиймээс Засгийн газарт асуудал оруулж, ирэх бямба гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдүүлэхийг зорьж байна.

-Цаашдаа яах вэ. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг Шинэчлэлийн Засгийн газар үргэлжлүүлэх үү? 

-Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл тооцоо үндэслэл муутай юм билээ. Ер нь УИХ-ын сонгуулийн шоу байдлаар хийсэн учраас цаашид энэ тогтолцоогоор явахад хүндрэлтэй. Учир нь, Хөгжлийн банкнаас авсан 50 тэрбум төгрөг таван жилийн хугацаатай 5,75 хувийн хүүтэй зээл. Үүнийг ам.доллараар тооцож эргүүлэн төлж байгаа. Гэтэл олгож байгаа зээл нь төгрөгөөр тооцсон зургаан хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, Энэ нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлнө гэж үзэж байгаа. Тиймээс Засгийн газар орон сууцны зээлийн механизмыг боловсронгуй болгох зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Ерөнхий сайд өөрөө Иргэдийг орон сууцжуулах үндэсний хороог ахалж байгаа. Харин миний бие орон сууцны шинэ хотхон, хороолол барих болон ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Мөн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, зээлийн механизмыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа. Үүнээс гадна Гэр хорооллыг барилгажуулах ажлын хэсгийг хотын мээр Э.Бат-Үүл ахалж байгааг хэлэх хэрэгтэй.

 100 мянган айл хөтөлбөр иргэдэд ачаа болсон

Төрийн банкны гүйцэтгэх захирал Д. Батсайхан /“NEWS” агентлагт өгсөн ярилцлага/

2013 оны 1 сарын 30

ORONSUUTS.com-Иргэдэд хүлээлт үүсгэсэн 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр одоо ямар хэрэгжилттэй байгаа, өнгөрсөн хугацаанд хэдэн хүнд зээл олгосон тухай асуултаар ярилцлагаа эхэлье.

-Төрийн банк байгуулагдаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг Засгийн газраас батлаад, иргэд материалаа бүрдүүлж өгөөд зургаан хувийн зээл авах байдлаар хэрэгжиж байгаа. Ингэхэд хамгийн хүндрэлтэй байгаа нь хүлээлт, дарааллын тухай асуудал байна. Энэ нь Төрийн банкнаас шалтгаалсан гэлтгүйгээр ОССК-д иргэдийн материал нь хэр зэрэг хугацаанд ирсэн гэдгээс болж байна. Ингээд ОССК-иас 4000 гаруй материал ирснээс өнөөдрийн байдлаар 1200 хүний зээлийг олгоод байна. Хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхийн тулд үүлд 30 тэрбум төгрөгийг төрөөс шийдлээ. Ингээд иргэдэд бага багаар зээл олгоод л явж байна.

-Цаашдаа банкны зүгээс харахад орон сууцжуулах хөтөлбөрийн зээлийн нөхцөл өөрчлөгдөх үү. Энэ хэвээрээ үргэлжлэх үү?

-Зургаан хувийн зээл гэдэг нь бага, таатай мэт сонсогдож байгаа хэдий ч иргэдийн нуруун дахь ачаа нэмэгдэж байна гэсэн үг. Тухайлбал, нэг м/кв-ын үнийн өсөлт нөлөөлж байна. 55 м/кв талбайтай байрыг зургаан хувийн зээл гарахаас өмнө зарж байсан үнийн зөрүү 30 сая төгрөг болж байгаа юм. Үндсэндээ иргэд 30 сая төгрөгөөр өссөн үнэтэй байр зээлээр авах болж байна. Тиймээс энэ байдлыг зөв голдиролд нь оруулах шаардлагатай.

100 мянган айлын эргэн тойронд иймэрхүү сонин хачинтай. Харин 6% хүү гэж гарснаар орон сууцны үнэ өссөн гэж  таамаглаад байгаа. Энэ талаар...

Орон сууцны үнэ хүссэн хүсээгүй буурна

                                                             Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч  М.Батбаатар / Ардын эрх сонинд өгсөн ярилцлага/                                                                                                                                                                          2012 оны 3 сарын 1

 

ORONSUUTS.com-Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс сар шинийн өмнөхөн зургаан хувийн хүүтэй  зээлийн асуудлыг шийдвэрлэлээ. Монголын мянга мянган өрхөд энэ шийдвэр итгэлийн оч төрүүлж байх шиг байна. Гэхдээ бас үнэхээр бүтэх болов уу гэсэн эргэлзээ ч бас дагуулж, худлаа хуурч байгаа юм биш биз гэсэн яриа ч бас сонсогдож л байна?

-Яагаад худлаа гэж. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулахаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Гэр хороололд амьдарч байгаа өрхүүдийн дийлэнх нь бага дунд орлоготой иргэд байгаа. Тэднийг орон сууцтай болгохын тулд бага хүүтэй, урт хугацааны зээл олгох ёстой юм. Тэгэхгүйгээр арилжааны банкны өндөр хүүтэй зээл авах боломж тэдэнд байхгүй шүү дээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зургаан хувийн хүүтэй зээлийг хэзээ шийдэхийг монголчууд бүтэн жил хүлээсэн. Бүтэн жил хэрэгжих болов уу үгүй юу гэж  эргэлзсэн байх. Одоо “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжих юм байна, зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаж болох юм байна гэсэн итгэл олон нийтэд төрж эхэллээ. Надаас олон хүн асууж байна. Яаж энэ зээлд хамрагдах вэ, ямар шалгуур тавьж байгаа юм бэ гээд л. Хэрвээ худлаа даа гэж бодсон бол хүмүүс ингэтлээ сонирхохгүй байсан биз дээ...


-Зээлийг нь гаргахаар болчихлоо. Харин орон сууцны нийлүүлэлт байна уу. Хүн болгон зээл авах гээд хөөцөлдөөд эхлэхээр орон сууцны эрэлт ихэснэ. Зээлд ямар нэгэн квот тогтоохгүй гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн зохицуулах юм бэ. Магадгүй үүнээс болоод үнэ өсчих вий гэсэн эмзэглэл иргэдийн дунд байна.?

-Үнэ өсөхгүй ээ. Зээлийг анх удаа байр авч байгаа бага дунд орлоготой иргэдэд өгөхөөр болсон. Энэ бол том боломж шүү. Орон сууцжуулах үндэсний хороонд хандаж “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн 300 орчим компани байна. Эхний ээлжид өөрсдөө хөрөнгөө гаргаад орон сууц барья гэсэн 70 орчим компани байгаа.  Бидний хийсэн судалгаагаар эхний ээлжид энэ ондоо багтааж баригдчих 2500 орчим орон сууц байна. Тэгэхээр зургаан хувийн хүүтэй зээлээр энэ ондоо багтааж 2500 айл байртай болох боломж байгаа гэсэн үг. Одоогоор барилгын гүйцэтгэл нь 50 хувьтай байгаа юм билээ. Үнэ өснө гэдэг орон сууц наймаалдаг хэдэн ченжүүдээс гаргаж байгаа цуу үг. Монголчууд жаахан л тэсчихвэл орон сууцны үнэ хүссэн хүсээгүй хямдарна. Ирэх намраас орон сууцны үнэ тогтворжино гэдэгт итгэлтэй байна. Бид ер нь орон сууцны үнийг 850 мянгаас нэг сая төгрөгийн хооронд барихаар төлөвлөж байна.

Орон сууцны үнэ буухгүй

Барилгын үндэсний ассоциацийн захирал Ц.Эрдэнэбаяр /www.assa.mn өгсөн ярилцлага/

2012 оны 12 сарын 13

ORONSUUTS.com-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар та бид хоёр ярилцаж байсан. Тэр үед судалгаа, тооцоогүй эхэлж байна гэсэн таны үг өнөөдөр биеллээ оллоо?
-Үнэхээр Засгийн газраас гарч байгаа шийдвэр хүмүүсийг хөлдөө чирч балламааргүй байна. Зургаан хувийн хүүтэй зээл өгөхөд ассоциаци хатуу байр суурьтай байсан. Өнөөдөр барилгын нийлүүлэлт бага байхад зургаан хүүтэй зээл олгоно, тэрийгээ 100 мянган хүнд өгчихмөөр, хүн болгонд хүртээмжтэй байх юм шиг ярьж болохгүй. Дээр нь, зөвхөн шинэ барилга гэж битгий туйлшир. Ингэвэл чанаргүй олон барилгыг эзэнжүүлчихнэ. Цөөхөн баригдаж байгаа байрныхаа үнийг өсгөнө. Ингэж болохгүй гэж эсэргүүцэж байсан. Тухайн үед Засгийн газар сонгуулийн өмнө шаардлагатай гэж шийдвэр гаргасан байх. Үүнээс болж олон хүнийг хөлдөө чирлээ, үнийн хөөргөдөл бий болголоо. Одоо орон сууцжуулах хөтөлбөрийг хэрхэн, яаж, хэрэгжүүлэх, санхүүжилт, моргейж очих талаар хоёр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Эндээс арай нэг эрүүл бодлого гарах болов уу гэж найдаж байна. Гэхдээ ямар ч тохиолдолд төр дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа тууштай хий. Тэрийг дагаад ажил байр бий болно, барилга баригдана, амьдрал бий болно шүү дээ.

-Орон сууцны үнийг барилгын компаниудын захирлууд нэмдэг гэж ярих юм?
-Ер нь, хомсдол байвал үнэ өснө. Огцом, олуулаа өсгөсөн байна уу гэхээсээ илүү эрэлт нь байгаа цагт үнэ нь өсөөд л байна. 2-3 жилийн өмнө нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжихээр орон сууцны үнэ буурна гэж хүмүүс яриад байсан. Өнөөдөр үнэ нь буурах ямар ч нөхцөл бүрдээгүй. Ямар ч ажил хийгдээгүй. Ирэх жил өснө шүү, энэ ондоо яаран байр аваарай гэж хэлж байсан. Одоо ч гэсэн үнэ нь буурах нөхцөл огт бүрдээгүй. Ирэх жилийн бүтээн байгуулалт эхлэхээр ахиад л өснө. Хэзээ үнэ тогтох уу, буурах уу гэхээр дэд бүтцийн их ажил хийгээд олон зуун барилга зэрэг баригдахын цагт үнэ буурна. Хоёрд, барилгад шинэ технологи орж байж карказан байшингийн үнэтэй өрсөлдөнө. Тэр үед үнэ нь буурна. Харин хотын төвд баригдаж буй байрны үнэ буурах байх гэж найдах хэрэггүй. Учир нь, Улаанбаатар хөгжиж яваа ирээдүйтэй хот учраас захынхаас төвийн орон сууцны үнэ өндөр байх нь дэлхийн л чиг хандлага. Гэхдээ хотоос зайдуу цоо шинэ орон сууц хямдхан байх ёстой. Авахын тулд моргейжийн бага хүүтэй зээл үйлчилдэг. Маш олон хүний орон сууцны асуудлыг ингэж шийдвэл сая ажлын байрны тогтвортой байдал, хариуцлага яригдана.

Нэгэнт ийм болсон гацааг бид эергээр бодож, өөдрөгөөр хүлээж авахаас өөр замгүй. Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М. Батбаатар гуай удаа дараа орон сууцны үнэ буурна гэдгийг хэлээд байгаа. Магадгүй 2 жилийн дараа гэхэд  орон сууцны мкв үнэ 1 сая дотор багтах ч юм билүү. Хэн мэдэхэв. 

naranmandakh.purev
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Бусад
Их уншсан