40.000+4.000+100.000=?

Харзны ус хайлж, хавар боллоо. Энэ цагт амьтай болгон соёолж, амтай болгон мэдэмхийрдэг. Жилийн жилд хавар эхлэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд барилга орон сууцны үнэ болон барилгын материалын хомсдолын тухай бичиж,  сайд дарга нар нь бодлого ярьдаг. Батлагдсан дүрэм журам, бодлогын алдаанаас болж борчууд нь хөөрхий хохирдог билээ. Барилга хот байгуулалтын  сайд болоод удаагүй байгаа Д. Цогтбаатар та гаргасан шийдвэр, тушаал бүрийнхээ гүйцэтгэлийн хэрэгжилтийг бодож, дараа жилийн сонгуулийн пиар-ыг  барилгын салбараар  битгий хийгээрэй гэж хичээнгүйлэн хүсэх байна. Засаг солигдохоор яамны нэр ЗАМ ТЭЭВЭР гэж болдог  шиг тооны ард тэг нэмж хасаад түмэн олныг бужигнуулсан орон сууцны хөтөлбөрүүдийн өнгөрснийг энд дурсан   товчлон бичив ээ.

40000 айлын орон сууцны хөтөлбөр

 

/САНАА БАЙВЧ САРАНД ХУЦСАН ХӨТӨЛБӨР/  2006 онд Засгийн газар  бага дунд орлоготой иргэдийг орон   сууцжуулах бодлогын хүрээнд “40 000 орон сууц” хөтөлбөрийг эхлүүлсэн.  Тухайн үед орон сууцны мкв үнийг 280 мянга  барихын тулд импортоор оруулж ирж байгаа бараа материалыг гаалийн татвараас чөлөөлсөн боловч тэр жилдээ орон сууцны мкв үнэ 450 мянга болж талийсан. Засгийн газар 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Сангийн яам бонд гаргаж, арилжааны банкинд 7 хувийн хүүтэйгээр өгч банкууд ОССК-д  11 хувийн хүүтэйгээр дамжуулан зээлүүлснээр орон нутаг дахь барилгаа санхүүжүүлдэг байсан аж. 'Дамжуулан зээлдvvлэх гэрээ'-гээр оролцогч арилжааны банкуудтай хамтран иргэдэд дараах нөхцөлөөр зээл олгов.

1. Зээлийн хэмжээ: Нэг єрхєд 25 сая тєгрєг

2. Зээлийн хvv: Жилийн 11%

3. Зээлийн хугацаа: 10 жил хүртэл

4. Зээлийн барьцаа хєрєнгє: Зээлийн санхvvжилтээр худалдан авсан, барьж дуусгасан орон сууц байна. 40 мянган айлын орон сууц Нисэх,  Яармаг,  Сvхбаатар дvvргийн зургаа, долдугаар хороололд барихаар тєлєвлєгєєнд тусгажээ. 2008 онд  тус  хөтөлбөрийн хүрээнд Сvхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд  'Орон сууцны 7-р хороолол' тєслийн эхний ээлжийн 1008 айлын орон сууцны барилгын шав тавих ёслол болж, Монгол Улсын ерєнхийлєгч асан  Н.Энхбаяр, Нийслэлийн засаг дарга бєгєєд Улаанбаатар хотын захирагч асан Т.Билэгт, Барилга хот байгуулалтын яамны сайд асан Ц.Цолмон нар оролцон тууз хайчилж байсан нь түүх болон үлджээ. Гэтэл 1 жилийн дараа буюу  2009 онд Засгийн газрын хуралдаанд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан Х.Баттулга “40000 орон сууц” хөтөлбөр ажилттай хэрэгжээд дууссан гэж мэдэгдсэн.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2004-2008 онд 31550 айлын орон  сууц /амины байшинг оролцуулан/-ыг ашиглалтад оруулсан гэнэ. Үүнээс 15 мянга гаруй нь нийтийн зориулалттай орон сууц байсан гэж тухайн үед хэвлэлээр нэг яригдаад  чимээгүйхэн өнгөрсөн. Тэгвэл үүнийг учир мэдэх ОССК гүйцэтгэх захирал байсан Ж.Алдаржавхлан 40000 айлын орон сууцны хөтөлбөр санхүүжилт байхгүй улмаар зогссон бөгөөд нийт 2100  хүнд жилийн 11 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай зээл олгосон гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

ДҮГНЭЛТ

40000 айлын орон сууцны хэрэгжилт дууссан нь үнэндээ бүрхэг. Улсын хэмжээнд ашиглалтад орсон бүх орон сууцыг 40000 мянгад хамруулах нь учир дутагдалтай. Хүний нутагт  хуруу хумсаа хугалан байж цуглуулсан хэдэн бор төгрөгөөрөө  худалдан авсан орон сууцыг 40 мянган тоог гүйцээх гэж оруулсан байхыг ч үгүйсгэхгүй. Алх хадаасыг нь бэлдээд өгсөн юм шиг амины орон сууц хамруулах эрх төрд байхгүй.


4000 айлын орон сууцны хөтөлбөр

 

/ ХЭЛ АМТАЙ БАЙСАН Ч ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДСАН ХӨТӨЛБӨР /  2009 онд дэлхийн эдийн засаг тэр чигтээ царцаж, банкны барьцаанд өчнөөн тэрбумын дутуу баригдсан орон сууцны барилгууд борлуулалт нь зогссон их хямралын үе байлаа. Иймээс барилгын салбарыг дэмжих, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах зорилгоор  Засгийн газрын 2009 оны 10 сарын 14  өдөр 321 тоот тогтоол тушаал гарч,  2010 оны 4 сараас эхлэн 4000 айлын орон сууцны хөтөлбөрийг ОССК-аар дамжин хэрэгжүүлж эхлэв.

Засгийн газраас барилгын компаниудаа болон, төрийн албан хаагчдаа дэмжих зорилгоор 180 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж буйгаа зарласан.  Уг төслийн хүрээнд 53 төсвийн ерөнхийлөн захирагчийн 4000 төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн 200 гаруй ажиллагсад нийт 4200 орон сууцны квот хуваарилав. Хэвлэл мэдээллийн байгууллагад олдсон 200 айлын орон сууцны квотыг УИХ гишүүн Д. Сарангэрэл  тэргүүтэй хэсэг нөхөд хөөцөлдөж олж авсан гэдэг. Квотын хуваарилт шударга болсныг хүн бүхэн мэдэж байгаа байх. Төрийн албан хаагч  харьяалагдах байгууллагаасаа квотын эрх олж авсан бол орон сууцны зээлд хамрагдах эхний алхам бүрдэж байлаа.  

 Тухайн үед хамгийн олон квотыг  боловсролын салбар 1680 хүнээ хамруулж  байсан бол Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд 33 квотын эрх ногдож байв. Харин хөтөлбөрийг гардан зохион байсан ОССК  нэг ч хүнээ хамруулаагүй  юм. Засгийн газрын 321 дүгээр тогтоол нь гарсан даруйдаа асуудал дагуулж барилгын салбарыг луйварчин, банкны салбарыг шуналтай болгож, эцэс сүүлд нь өөрсдөө энэ тогтоолынхоо заалтыг элдэв янзаар тайлбарлан, ЗЭЭЛЖИХ ЭРХ гэсэн нэр хүртэл гаргав. Тогтоолд  тусгасан бүтэшгүй 3 заалтаар байр олж ав гэсэнд  хамаг учир байлаа.

  1. Орон сууцны мкв үнэ  650 мянган төгрөгөөс хямд
  2. Арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа.
  3. Улсын комисс хүлээж авсан. Худалдан авах байрны сурталчилгааг Баян монгол хороололд “ОРОН СУУЦ-4000” үзэсгэлэн гараад тусыг эс олов. Үнэндээ үзэсгэлэнд үнэ хямд байр олдох битгий хэл үнээ $ тавьсан орон сууцууд зөндөө байлаа. Хөтөлбөрөө батлаад хэрэгжүүлэхийн цагт хүндрэл гараад ирэхэд  хөндлөнгөөс нь хариулт өгдөг хэт олон байгууллагууд олширч иргэдийн толгойг бүүр эргүүлж өгөв.

Орон сууцны үнийг 650 мянгад  багтах боломжтойг  Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн газрын дарга Б.Баасан, болон Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар  нар баталж байсан бол эсрэгээр Монголын барилгын  ассоциацийн гүйцэтгэх захирал Д. Цэнд болон бусад хүмүүс 650 мянгад овоохой л олдоно гэж няцаалт өгч байсан. Харин бодит үнэнийг www.barilga.mn  сайтын захирал Г.Батсүх - Шалгуурыг нь давах орон сууц байхгүй. Анхнаасаа Засгийн газрын тогтоолыг  судалгаа муутай гаргасан. Тиймээс засгийн газар үнийг чөлөөлөх хэрэгтэй. Тэгж байж  иргэд  хүссэн байршилдаа, ямар ч үнээр  хамаагүй орон сууцаа  авна гэдгийг хэлж байсан. 4000 айлын орон сууцны зээлийн хэмжээ болон хүү нь харьцангуй боломжийн нөхцөлтэй байсан. 

1.      Зээлийн хэмжээ: 40 сая тєгрєг

2.      Зээлийн хvv: Жилийн 8%

3.      Зээлийн хугацаа: 20 жил

Зээлд хамрагдахын тулд төрийн албан хаагчаар 3 доошгүй жил ажилласан байна гэсэн шаардлага тавьж байсан.

ДҮГНЭЛТ

4000 айлын орон сууц хөтөлбөрийг квотоор хээл хахууль, хардах зүйлгүйгээр ОССК сайн хэрэгжүүлсэн. Өнөөдөр эргээд харахад 4200 айл  хожсон гэдэг нь ойлгомжтой. Харин энэ хөтөлбөрт хамрагдсан иргэд хөлийнхөө тавхайг эргэтэл, хэчнээн олон орон сууцны  хаалга татсан бол доо. Харьцуулж харах , хамгийн сайнаас  сонголт хийх байр  байсангүй. Барилга хот байгуулалтын яам буруу зөрүү баахан юм ярьж бантанг нь хутгаж өгсөн дөө.

 

100.000 айлын орон сууцны хөтөлбөр

 

/ НЭР НЬ ТОМ НАМЫН ХӨТӨЛБӨР / 'Шинэ бүтээн байгуулалт' дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг  40 мянган айлын орон сууцны үргэлжлэл гэдгээр нийгэм хүлээж авсан. Засгийн газраас 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар  100 мянган айлын орон сууцны хөтөлбөр баталж 2012 оны 02 сарын 21 нд жилийн 6 хувийн хүүтэй зээлийн журамд Сангийн сайд Д. Хаянхярваа, ЗТБХБ сайд Ц. Дашдорж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр нар гарын үсэг зурснаар хөтөлбөрийн хэрэгжилт эхэлсэн гэж үзэж болно. Хөтөлбөрийн 75 мянган айлын орон сууцыг  нийслэлд, 25 мянган айлыг хөдөө орон нутагт барих их бүтээн байгуулалтын ажил эхэлж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баяр хөөртэйгээр бахдан бичиж байв.

Улаанбаатар хотод гэхэд л Буянт-Ухаад 170 га орчим талбайд 12500, Яармагт 32000, Баянголын аманд 480 га газарт 18000, 7 дугаар хороололд 210 га газарт 10956, Телевизэд 35 га газарт 4200, 14 дүгээр хороололд 235 га газарт 12000 айлын орон сууцыг тус зургаан хороололд барихаар төлөвлөв. Хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас 800 тэрбум төгрөгийн бонд гаргаж 213 тэрбумыг нь орон сууц, дэд бүтэц байгуулах ажилд зарцуулахаар болсон. Хөтөлбөрөө амжилттай сайн хэрэгжүүлэхийн тулд ЗТБХБЯ-ны Сургалт судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалчийн алба /ССХОБЗА/-ны урилгаар БНСУ-ын “ Найфа” мэдлэг эдийн засгийн яамны харьяа Мэдээлэл, технологи, холбоо харилцааг дэмжих төрийн байгууллагаас 100 сая воны зөвлөх үйлчилгээний эрх авч ажиллахаар болж гэнэ. Хөтөлбөрт хамрагдах хотхон хорооллыг улсын хэмжээнд нээлттэй зарлахад 160 гаруй мянган айлын орон сууцны төслүүд ирсэн байна. Эдгээр 160 мянган айлын орон сууцнаас барилгын суурь тавигдсан нь цөөхөн байв. Яг үнэндээ зах зээл дээр борлуулаад  байх орон сууц байгаагүй. Ард түмэн бухимдаад ирэхийн цагт аргаа барсан ЗТБХБ-ын сайд Ц. Дашдорж  нэгэн сэтгүүлчийн асуултад өгсөн хариулт

.... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барилгүйгээр зуун мянган айлын орон сууц барьчихвал эрчим хүчний асуудал гарах юм биш үү. Өнөөдөр л гэхэд байгаа хэдэн дулааны цахилгаан станц нь ачааллаа дийлэхгүй байна?

-Юмыг гэрэл гэгээтэйгээр харах хэрэгтэй. Эрдэс баялаг, эрчим хүчний яам энэ хавраас тавдугаар дулааны цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх бодолтой байгаа юм биш үү. Эхний ээлжинд 10 мянган айлын орон сууцыг эрчим хүчээр хангах бололцоо байгаа. Юм хийх гэсэн нэгнээ битгий эсэргүүцэж бай л даа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй л гэдэг. Бүгдээрээ итгээд, хамжиж дэмжээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлье. Орчин үеийн тохилог сайхан орон сууцанд амьдарья л даа. Ээ, энэ худлаа. Энэ болохгүй, бүтэхгүй гээд байвал яаж ажил урагшлах юм бэ. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Барилгын материалын гаалийн татварыг нэмлээ, нэмлээ гэхэд орон сууцны нэг метр квадратын өөрийн өртөг нь 550-750 мянган төгрөг байхаар тооцогдсон .... гэж тухайн үед ярилцлага өгч байсан төдийгүй 100 мянган айлын орон сууц 2016 он гэхэд баригдаад дуусна гэдгийг гэрэл гэгээтэйгээр гэнэн сайхан ярьж байсныг  тодхон санаж байна.

Хөтөлбөрийг хүчиндэж явуулах гэсэн нэгэн оролдлого нь  орон сууцны мкв-ийн үнийг 910.000-1.100.000 сая төгрөг байхаар болгож нэг үзэв. Гэвч гавьсангүй. Анхнаасаа л энэ хөтөлбөр МАН-ын сонгуулийн шоу байсан нь илт харагдаж байсан. Ж:нь МАН-ын “Хөгжлийн хөтөлбөр”-т  тусгасан дөрвөн хүүхэд төрүүлсэн айлд байр өгнө гэсэн заалт бий. Тэгвэл салбарын сайд нь 0-16 насны 1-4 хүүхэдтэй айлд эхний ээлжинд давуу боломж эдэлнэ шүү гэдгийг ч дуулгасан нь амлалтаа биелүүлэх гэсэн башир арга байсан юм. Одоо бодоод байхад хөтөлбөрт хамрагдах орон сууц болон хөрөнгө нь байгаагүй болохоор  анх удаагаа орон сууц авч байгаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр нэр нь бичигдээгүй байх ёстой гэдэг заалтаар баахан олон хүмүүсийн бүдрүүлж унагасан юм шиг санагддаг. Тухайн үед улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн тодорхойлолт авах гэж уртаас урт оочер үүсэж өдөрт 400 хүнээр тасалж байлаа. 100 мянган айлын орон сууцны зээлд 1000 гаруй иргэн хамрагдаж 2000 гаруй иргэний материал,  урьдчилгаа болгон өгсөн мөнгө Төрийн банканд үлдсэнээр дараагийн засгийн газар солигдов. Хашаа байшин хамаг юмаа  зараад  хөтөлбөрт хамрагдах болсон чинь санхүүжүүлэх мөнгө нь байхгүй 800  тэрбум  цаасан дээр  тэг олонтой тоо болон  үлдэв ээ хөөрхий.

Уг Хөгжлийн банкнаас 50 тэрбумыг санхүүжүүлэх эрх гаргасан ч 30 тэрбум нь орохгүй удсанаас болж,  2000 иргэн хэвлэлийн бага хурал зарлаж, өлсөж цангах дээрээ тулав. Төсөвт суугаагүй мөнгөөр төрийн эрх баригч С. Батболдын засгийн газар сонгуулийн өмнөх шоуг хийсэн. Сайншандын бүтээн байгуулалтад зарцуулах мөнгийг Хөгжлийн банкаар гаргуулж эхний хэдэн зээлдэгчдэд баяр бахдалтайгаар зээл олгож эхэлснээ сурталчилсан. Хол явахгүй хөтөлбөр гэдгийг хүнээр хэлүүлэлтгүй тэд өөрсдөө мэдсэн л байж таараа. 30 тэрбум гацаад ирэхийн цагт хүсэлт гаргасан иргэд хохирогч болж үлдэв. Хэзээ ч дахин давтагдахгүй түүх болон үлдсэн 6% зээлийн нөхцөл.

1.      Зээлийн хэмжээ: 50 сая тєгрєг

2.      Зээлийн хvv: Жилийн 6 %

3.      Зээлийн хугацаа: 20 жил хvртэл

4.      Барилгын гүйцэтгэл:  50 % – 30% хооронд

5.      Талбайн хэмжээ: 55 мкв дотогш байх

Хэл ам,  хэрүүл тэмцэл дунд хэсэг нөхдийг оргүй хоосноос орох оронтой болгосон юм даа гэж хаацайлж бас болох юм.

ДҮГНЭЛТ

Засгийн газар дээс томох үлгэрийг зовсон олондоо зориулж гаргав. Утаатай угаадастай  гэр хорооллоос улс орноо аврах  гэсэн боловч хялгас хийх хөрөнгөгүйгээс хэсэгтээ нэг нам зогссон үлгэр ийнхүү төгсөв. Байхгүй хөрөнгө, баригдаагүй барилга, боловсон хүчингүй ажил, барилгын материалгүй бүтээн байгуулалт байсан юм.

naranmandakh.purev
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ


Сэтгэгдэл бичих

Илгээх
Бусад
Их уншсан