Эдийн засгийн хүндрэл нөгөө талаараа шалгарал явагдах боломж

Хуваалцах 85

ORONSUUTS.com

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “REAL ESTATE ФОРУМ 2017”-г 2017 оны 6 дугаар сарын 22-нд зохион байгуулах гэж байна.  Арга хэмжээний агуулгын талаар 14 жилийн туршлагатай, Монголын анхны үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын компани болох “Тэнхлэг Зууч” компанийн Гүйцэтгэх захирал, форумын илтгэгч Д.Должинсүрэнтэй ярилцлаа.

-Энэхүү форумыг зохион байгуулах хэрэгцээ шаардлага юунаас үүдэн гарсан бэ?

- Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн засгийн хямралыг бусад салбаруудаас илүүтэйгээр мэдэрч, урт хугацааны томоохон сорилтуудтай тулгараад байгаа. 2017 оны 5 дугаар сарын байдлаар зөвхөн орон сууцны төслийн хувьд гэхэд 82,698 айлын 389 төсөл хэрэгжиж байгаагаас 69% буюу 27,513 айлын орон сууц нь ашиглалтанд орсон, 31% нь ашиглалтанд ороогүй байна. Захиалга авч буй нийт 40,092 айлын орон сууцны борлуулалт 62%-тай байгаа бол ашиглалтанд орсон орон сууцны борлуулалт 77% байна. Өөрөөр хэлбэл зах зээл дээр ашиглалтанд орсон хэдий ч борлогдоогүй байгаа 6300 гаруй айлын орон сууц байна. Нэг талаас, хэдий хэмжээний капитал царцанги, зогсонги байдалтай байгааг энэ тооноос харж болно. Нөгөөтэйгүүр, төдий чинээ компаниуд зээлээ төлж чадахгүй, төлбөрийн дарамтанд унаж, улмаар ажилтнууд, бараа материал нийлүүлэгчид, барилгын материалын бизнес эрхлэгчид, барилгын туслан гүйцэтгэгч компаниудын санхүүгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа доголдсон. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын анхны компаниудын нэг, үл хөдлөх хөрөнгө, барилга, орон сууцны салбарт олон жил судалгаа хийсэн, энэ салбарын маркетинг, борлуулалтын арвин туршлагатай гэдэг утгаараа энэ гацаанаас гарахад нь салбарынхандаа тусалъя, шийдэл хэлье гэж бодсон учраас энэ арга хэмжээг зохион байгуулахаар болсон.

- Тэгэхээр энэ арга хэмжээнд хэн ирвэл зохих вэ?

  1. Хаус, шинэ орон сууц, оффис, худалдаа ба үйлчилгээний төвийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, судалж байгаа компани, хувь хүн
  2. Захиалга авч борлуулалт хийж байгаа хаус, шинэ орон сууц, оффис, худалдаа ба үйлчилгээний төвийн төсөл хэрэгжүүлэгчид
  3. Захиалгаа зогсоосон хаус, шинэ орон сууц, оффис, худалдаа ба үйлчилгээний төвийн төсөл хэрэгжүүлэгчид
  4. Барилгын компанийн захирлууд
  5. Девелопер компанийн захирлууд
  6. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компаниуд
  7. Реалторууд
  8. Хөрөнгө оруулагчид
  9. Барилга, үлхөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж буй хэн бүхэнд нээлттэй.

- Илтгэгчид хэн хэн байгаа вэ? Тэд юу ярих бол?

- Форумд 3 илтгэл тавигдана. Миний бие, “Тэнхлэг зууч” компанийн үүсгэн байгуулагч, одоо маркетингийн “Контент маркетинг” компанийн захирлаар ажиллаж байгаа маркетер Д.Гэрэлт-Од, мөн “Ард” санхүүгийн нэгдлийн ”Ард”Менежмент”үнэ цаасны компанийн Гүйцэтгэх”захирал Б.Золбоо гэсэн экспертүүд илтгэл тавина. Илтгэл бүр барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнес эрхлэгчдэд шийдэл өгөх агуулгатай. Миний илтгэл “Барилга, ҮХХ-ийн салбарын одоогийн нөхцөл байдал, алдаа, гацаанаас гарах шийдэл” гэсэн сэдэвтэй бөгөөд судалгаанд үндэслэсэн мэдээлэл танилцуулна. Жишээ нь, одоогийн байдлаар, Улаанбаатар хотод 479 төслийн 90,125 айлын нийтийн болон амины орон сууцны төсөл хэрэгжиж байна. Эдгээрээс

  • Захиалга авч буй 271 төслийн 41,698 айлын орон сууц, 47 төслийн 1,233 айлын хаус, таунхаус
  • Захиалгаа зогсоосон 38 төслийн 9,075 айлын орон сууц, 15 төслийн 1,033 айлын хаус, таунхаус
  • Захиалга авч эхлээгүй байгаа 90 төслийн 33,437 айлын орон сууц, 18 төслийн 3,649 айлын хаус, таунхаус байна.

Дээрхи нөхцөл байдлын гол шалтгааныг “Тэнхлэг Зууч” компани үл хөдлөх хөрөнгийн дийлэнхи төслүүд зах зээлийн эрэлт хэрэгцээний судалгаанд үндэслэлгүй эхэлсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Үүний уршгаар бий болоод буй борлуулалтын гацаанд ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа, энэ нөхцөл байдлаас хэрхэн гарч, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжит шийдлийг санал болгоно.

  • Маркетер Д.Гэрэлт-Од Маркетингийн шинэ үе ба шинэ орон сууцны маркетинг, борлуулалтыг хэрхэн хийх вэ?” гэсэн сэдвээр илтгэл тавина. Тэрээр, үл хөдлөх хөрөнгө, барилга, тэр дундаа шинэ орон сууцны маркетингийн чиглэлээр Монголд хамгийн олон жил ажилласан туршлагатай маркетер. Интернэт, цахим хуудас, сошиал медиа платформуудын хөгжилтэй холбоотойгоор, хүний худалдан авах шийдвэр гаргах зан төлөв ба худалдан авалт хийх дараалал өөрчлөгдсөн. Мөн мэдээлэл авдаг сувгууд нь ч өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор, маркетингийн стратеги, идэвхижүүлэлтийн арга тактик, үйл ажиллагаанууд өөрчлөгдөх шаардлагатай болсон. Гэтэл бид, тэр дундаа барилгынхан уламжлалт аргаа ашигласаар байгаа нь үргүй зардал, өсдөггүй борлуулалтыг л бий болгож байгаа аж. Д.Гэрэлт-Од илтгэлээрээ, маркетинг орчин үед хэрхэн өөрчлөгдсөн, барилга, үл хөдлөх хөрөнгийн маркетингийг хэрхэн хийх, бага зардлаар үр ашигтай маркетингийг хэрхэн хийх, судалгааны үр дүн маркетингийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлдэг тухай, төсөл хэрэгжүүлэгчдийн гаргаж буй алдаа зэргийг танилцуулж, тайлбарлах болно.

Гурав дахь илтгэгч Б.Золбоо"Барилгын салбарт богино ба урт хугацааны санхүүжилт татах боломжууд, санхүүгийн схем" сэдвээр илтгэл тавина. Санхүүжилтийн асуудлаа бүрэн шийдсэн барилгын төсөл их ховор. Дийлэнхи нь банкнаас зээлтэй байхын зэрэгцээ захиалагчийн санхүүжилтээр төслөө хэрэгжүүлдэг. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор, борлуулалт удааширч, тэр нь зээлийн эргэн төлөлтөнд сөрөг нөлөө үзүүлдэг. Хууль эрх зүйн орчноос гадна өөр бусад нөхцөл байдал, хүчин зүйлийн тохироо бүрэлдсэнээр барилгын салбарынхны санхүүжилтийн эх үүсвэр нь зөвхөн банк биш болоод байна. Барилгын компани болон өөр бусад чиглэлийн компаниуд иргэдээс шууд мөнгө босгох оролдлогууд амжилттай хийгдэх боллоо. Энэ боломжийг барилгынхан ашиглах боломжтой эсэх талаар Б.Золбоо мэдлэг, туршлагаа хуваалцана.

- Оролцогчид форумаас юу олж авах бол?

- Оролцогчид дараах асуултуудын хариуг форумд ирснээр олж авна.

  1. Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд юу хийх вэ?
  2. Өрсөлдөгчдөөсөө яаж ялгарч, харагдаж, танигдах вэ?
  3. Зорилтот худалдан авагчаа хаанаас олох вэ?
  4. Маркетингаа яаж бага зардлаар гэхдээ үр дүнтэйгээр хийх вэ?
  5. Яаж мөнгөөр хомсдолгүйгээр ажлаа дуусгах вэ?

-“Тэнхлэг зууч” компани энэ салбарт олон жил ажилласан. Хэтийн төлөв хаашаа чиглэж байна?

-“Тэнхлэг зууч” компанийн хувьд энэ жил 14 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Монголын анхдагч үл хөдлөх хөрөнгийн компаниудын нэг. Үйл ажиллагааны хүрээнд судалгаа, зөвлөх үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зуучлал, маркетинг, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай компани барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын судалгааг хамгийн өргөн дэлгэр агуулгатай хийж байгаа цор ганц мэргэжлийн байгууллага. Тэр ч утгаараа бид Барилга Хот Байгуулалтын Яам, Монголбанк зэрэг бодлого боловсруулагчидтай хамтран ажиллаж, мэдээллээр хангаж ажиллаж байна. Мөн салбарын төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагатай ч энэ чиглэлээр хамтран ажиллаж байна. Шийдвэр гаргалтын хамгийн ухаалаг хувилбар бол судалгаатай шийдвэр гаргалт байдаг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг болсон. Тиймээс бид салбарын бизнес эрхлэгчдэд энэ хандлагыг хэвшүүлэх, нөгөө талаар яг одоо барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт юу болоод байна вэ гэдгийг тодорхой харуулах, цаашид гаргах төлөвлөгөөндөө уг судалгааны үр дүнг ашиглаасай гэсэн үүднээс энэхүү арга хэмжээнд голлох үүрэгтэй оролцож байгаа.

- Та өөрийнхөө, мэргэжил, туршлагаа танилцуулаач?

- Миний хувьд судалгаа, шинжилгээний мэргэжилтэй хүн. Энэ салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Одоо илүү үл хөдлөх хөрөнгийн салбарын судалгаа, шинжилгээгээр мэргэшиж байна. Бодлого боловсруулах болон бизнес эрхлэгчдийн түвшинд нэгдсэн тоо статистик хомсдолтой, ойлголтын зөрүү ихтэй байдаг нь харагддаг. Тиймээс энэ чиглэлийн ажлыг илүү нэгтгэх, мэдээллийг тал бүрт тэнцвэртэй хүргэх замаар салбарын хөгжилд, идэвхижилд нөлөөлөх бодолтой байгаа.

- Та энэ салбарт бизнес эрхэлдэг хүний хувьд салбарын одоогийн нөхцөл хийгээд цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

- Бид өнгөрсөн хугацаанд эдийн засгийн маш таатай нөхцөлд бизнес эрхэлж ирсэн. Дөрвөн хана барьчихдаг бол барилгын бизнес эрхлэгч болж, тэрийг нь худалдан авах хэн нэгэн гараад л ирдэг байсан. Гэтэл одоо нэг талаасаа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Нөгөө талаасаа худалдан авагчдын барилга, үл хөдлөх хөрөнгийн боловсрол маш сайжирсан. Зөвхөн дөрвөн хана биш, тэр дөрвөн хананы чанар, дотор заслын эрүүл ахуйн байдал, гадна орчны төлөвлөлт, хүмүүст хэр зэрэг ээлтэй байх, тэр бүү хэл хөршөө хүртэл сонгож худалдан авч байна. Гэтэл барилгынхан маань үүнийг мэдэрч, тусгаж авахгүйгээр л барилга барьдаг хэвээрээ байсаар. Гэхдээ бүгд биш л дээ. Ингээд харахаар энэ салбарт эдийн засгийн биш ч, оюуны хөгжил явагдаж байна. Эдийн засгийн энэ хүндрэлтэй байдал нэг талаар бизнес эрхлэгчдийг хүнд байдалд оруулж байгаа ч, нөгөө талаараа шалгарал явагдах боломж гэж би хардаг. Үүний дараа дуртай бүхэн нь барилга барихгүй, үнэхээр чаддаг нь, ухаалаг нь, тууштай нь л үлдэх байх. Мөн зөвхөн барилга угсралт биш, үл хөдлөх хөрөнгийн гинжин хэлхээнд байдаг бусад мэргэжлийн үйлчилгээнүүдийн чанар ч сайжирч, өөр түвшинд хүрэх байх гэж хардаг.

Уншигч та арга хэмжээнд оролцохоор бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.

Арга хэмжээний талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, хөтөлбөртэй танилцахыг хүсвэл энд дарна уу.



Хуваалцах 85
Үнэлгээ өгөх
Like an  post Like an  post
Like an  post
Like an  post
Like an  post
Like an  post
1809

0 сэтгэгдэлтэй

АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ORONSUUTS.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.