Замын ЛУВСАН

Хуваалцах 4

  2001 онд гавьяат барилгачин цолоор шагнагдсан. Замын инжежер    

ORONSUUTS.com

   “ Зам  амьдралыг тэтгэгч, хөгжлийн хурдасгуур юм ” 

Б. Лувсан гуайн өвөө эмээ нь буриад хүмүүс байсан бөгөөд 1918 оны үед Монголд ирж суурьшижээ. Тэр 1937 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд Бадамын 2-р хүү болон төржээ. Нутагтаа 4-р анги, Баян-Уул суманд 9-р ангиа төгсөж, 1955 онд бэлтгэл 10-р ангид суралцахаар  Улаанбаатар хотод орж иржээ. Б. Лувсан гуай тэгэхэд аймгийн төв рүүгээ ч очиж үзээгүй хүүхэд ийнхүү анх холыг зорихдоо гэрийнхэндээ ч хэлэлгүй замд гарсан гэдэг.Энэ тухай тэрээр хөөрөхдөө “Зуныхаа амралтаар агнасан тарваганы арьсуудыг зарж, бас тууврын хонь хаяргаж  олсон 140 төгрөгийнхөө 110-аадыг нь шуудангийн машинд өгч 30-аадхан төгрөгтэй Улаанбаатарт орж ирж байлаа  шүү дээ. Очих айл байхгүй болохоор таних хүн тааралдаж юуны магад гэж бодоод хүн дагаж Сүхбаатарын талбай дээр очив. Тэр үед бэлтгэл аравдугаар анги гэдгийг мэддэг хүн ховор байсан  учир сурагласаар байгаад сургуулиа олж билээ. Одоо хоёрдугаар эмнэлэг байгаагийн тэнд “Американ хашаа” гэж байсан тэнд  дүнзэн байшинд аймаг аймгаас ирсэн хүүхдүүдтэй  хэдүүлээ өвөлжөөд 1956 оны  хавар нь ЗХУ-ын инженер техникийн сургуулиудад хувиар аваад явж байлаа. Бүгдээрээ костюм гэж хувцсыг өмсөж үзээгүй, оймс, майк гэж зүйлийг ерөөсөө мэдэхгүй байсан болохоор хэмжээ, размеруудаа мэдэхгүй байсан юмдаг” хэмээн хуучилсан юм. Бага байхдаа хониныхоо хашаан дотор хөлөөрөө зам зурж тоглодог байсан хүү, эх орныхоо хөгжлийн замыг гараараа босголцсон юм .  

Бүтээн байгуулалт

1962 онд Москвад Авто замын дээд сургуулийг инженерийн мэргэжилээр төгсөж  дөнгөж ирээд байсан түүнийг Тээвэр холбооны яамны харьяа Замын хэрэг эрхлэх газраас Монголын хамгийн хүйтэн нутаг Завханы Тосонцэнгэл рүү гүүрний ажилтай танилцаад, заавар зөвлөгөө, өгөөд ир гэж явуулсан гэдэг. Тэндээс буцаж иргэнүүт нь дахин томилолт өгч гүүрийг хариуцан бариулахаар буцаасан аж. Идэрийн голын хадмал банзан гүүрийн барилгыг  640344 төгрөг 65 мөнгөөр барих тооцоо хийн 15 тонн төмөр, модоор 30-аад хүний хөлс хүч, нэг самосвал машинтай нугалж барьсан нь Б. Лувсан инженерийн анхны мөн хариуцлагтай ажил байлаа. Тэр үед идэр 9-ийн -53 хэмийн хүйтэнд ухсан нүхээ усанд автуулахгүйн тулд өдөр шөнөгүй жижүүрлэн ажиллаж, нойр хоолгүй ажиллаж байсан гэдэг. Энэ гүүрний дан нуруу  л гэхэд 22 метр урт  монголд урьд өмнө барьж байгаагүй, хадмал банзан гүүр юм.Гүүрийг Гибшман багшийнхаа “Модон гүүрүүд” номын зургийг ажлын зураг болгон ашиглан, дан нуруугаар хийж нэг банз ч зөрүүлж, нэг ч хадаас орхилгүйгээр багшийнхаа зөвлөмжийг хууль шиг чанд мөрдөж хийжээ. Модон гүүр 30 жилийн настай гэдэг ч 1964 онд барьсан гүүр эдүгээ 50 жилийн насыг элээж ямар нэгэн гажилт үүсээгүй  одоог хүртэл ашиглагдаж байгаа нь ямар бат бөх барьсан нь илэрхий. Энэхүү гүүрний ажилд Монголын анхны ерөнхийлөгч Очирбат гуайн ээж Пунцалмаа гар бие оролцсон түүхтэй. 

 

ORONSUUTS.com

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дэргэдэх Идэрийн голын хадмал банзан гүүрийн бүтээн байгуулалт.  1964 он  

ORONSUUTS.comБ. Лувсан гуай гүүрнийхээ дэргэд 50 жилийн дараа 

 

Б. Лувсан Тосонцэнгэлийн гүүрийг барьсаны дараагаар Ерөө, Бугантад  ажиллав. Тэр үед Ерөө, Бугантын ой модыг ашиглах, ойн аж ахуй улмаар тосгон байгуулахаар төлөвлөөд байлаа. Тэгэхэд тэнд урьд өмнө машин битгий хэл хүн амьтан зүглэж байгаагүй битүү ойтой, өндөр өвстэй онгон зэлүүд нутаг байлаа. Тэр нутагт анх зам засахаар Бугант нутгийн хөгжил цэцэглэсэн гэж бодохоор бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг гэсэн.

Гадаадынхан замыг амьдралын зам гэдэг. Энэ тунчиг үнэн үг. Зам сайн байвал тэр хэмжээгээрээ амьдралын өрнөлт хурдасдаг. Замын үр ашиг нь замаар явж буй тээвэр болон зорчигчдын цагийг хэмнэлтээр гарч байдаг. Тиймээс зам нь амьдралыг тэтгэгч мөн хөгжлийн хурдасуур юм гэж тэр хэлэх дуртай. Б. Лувсан баруун зүүн урд хойд болон хилийн байцаан өнгөрүүлэх зам гээд улсын чанартай бүх замыг ерөнхийд нь гадарлана. Баян-өлгий, Увс, Завхан гээд баруун бүсийн аймгуудад очиж үзээгүй сум гэж байхгүй. Тэрээр явсан газруудаа монгол улсын газрын зураг дээр зай завсаргүй улаанааар тэмдэглэсэн байсан. Түүний явсан замын километрийг тооцон бодоход нэг явахдаа 2000-3000 км зам, жилд дунджаар 10 мянган км  гэж үзэхэд 40 жилд 400.000 мянган км явсан байна.

Амжилт, ажлын туршлага

Анх Замын хэрэг эрхлэх газар нэртэй ажиллаж байсан ч засан хүмүүжүүлэх газартай нийлж, дотоод яамны харьяанд орж, тээврийн яам Улсын барилгын зөвлөл, Барилгын яамны хэсэг болж явсан энэ салбарынхан 1981 онд анх Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Авто замын Ерөнхий газар болон өнөөгийнхөөр агентлагийн статустай болсон гэдэг. 1958 онд анхны инженер Цэдэн-ишээ, 1963 онд хоёр дахь инженер Лувсангаа тосон авсан гэдэг. Автозамын салбарынхан мэргэжлийнхээ техникчидээ дотооддоо 1957 оноос бэлтгэж эхэлсэн аж. Төмөр замын техникумд автозамын анги байгуулж, 1961 онд анхны 19 хүүхдийг төгсгөснөөр өнөөдөр Хөдөлмөрийн баатартай, гавьяат барилгачинтай, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт хоёр замчинтай Монголын автозамын түүхийг зурсан анхны мэргэжилтэнүүдийг төрүүлсэн. Шинэ үеийн авто замын салбарын түүх бол Б. Лувсан гуайн амьдралын түүх, нэвтрэхий толь нь юм.

1966 онд Замын хэрэг эрхлэх газар буюу автозамын салбар 16 сая төгрөгийн ажил хийх төлөвлөгөө  гаргаж . Гэвч тэр жилийн үерийн гамшгаас үүдэн ганцхан Яармагийн гүүр бүтэн үлдэж, жижиг гүүрүүд, замууд тасарч, нийслэл тэр аяараа тоггүй болсон гэдэг. Нийслэлчүүд бүтээн байгуулалтын ажил өрнүүлэн 7 хоногийн дотор Богд уулын амаар 6.2 км замыг шинээр тавьж , 5.6 км гараар засч янзлан, 161000 шоо метр газар шорооны ажлын ард гарснаар нийслэлд автомашин явахад саадгүй болгосон тухай энэхүү ажлыг гардан зохион байгуулалцаж явсаны хувьд Б. Лувсан гуай “ Их замын тэмдэглэл “ номондоо тэмдэглэн бичжээ.  1968 онд замын ангиудыг нэгтгэн Тээврийн яамны мэдэлд шилжүүлж замын хэлтсийн даргаар Б. Лувсан инженер томилогдов. Сайдаас өгсөн үүргийн дотроос чухлын нэг нь замын хураамжийн тогтоол гаргуулж байлаа. Нэг ачааны машинаас 800, суудлын машинаас 300, хувийн машинаас 100, мотоциклиэс 25 төгрөг жил тутам хураамж авна гэж тооцоход тухайн үеийн 13000 ачааны машинаас 10 сая 400 мянга 3200 суудлын машинаас 960 мянга, хувийн 800 машинаас 80 мянган төгрөг гэх мэтээр нийт 12 сая төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ. Үүнээс 5 сая 127 мянган төгрөгийг замын засвар арчлалтанд 4 сая 700 мянгыг нь зам гүүр шинээр барихад үлдэх 2 сая 700 мянгыг нь хуримтлуулахаар тооцсон гэнэ.

 

ORONSUUTS.com

              Улаанаар тэмдэглэсэн нь: Машинаар явсан зам 

 Ийн боловсруулсан төслөө өөрөө барьсаар Сангийн яамны сайд байсан Д. Содном гуай дээр Лувсан инженер оров. Анхааралтай уншиж байсан төсөлөө ширээн дээрээ тавиад Д. Содном сайд бусад оронд үүнийг хэрхэн шийддэг хэрэг вэ хэмээн номын шүүгээнээсээ хэд хэдэн ном гарган уншаад Б.Лувсан инженерийн төсөлд зөвшөөрсөн санал өгөв. Ийнхүү анх удаа Монгол улс автозам ашигласны хураамж авах , төвлөрүүлэх, зарцуулах системтэй болов. Замын салбарын хөрөнгийг анх ийн шийдэж байсан бол зах зээлийн ороо бусгаа цагт энэ салбарыг унагачихгүй аваад явах үүрэг дахиад Б. Лувсан гуайд ногдов. 

Автозамын нэгтгэл нэрээр өрх тусгаарлан ардчилсан сонгуулиар Лувсан инженерийг захиралаар сонгов. 1991 оны 3-р сард автозамчдын анхдугаар их хурал хуралдахад хамгийн түрүүнд санхүүгийн асуудал хөндөгдсөн. Санхүүгийн хямралд цохиулахгүй үлдэх гарцыг салбарыг удирдаж байгаагийн хувьд яаралтай олох хэрэгтэй байлаа. Еранхий сайд Бямбасүрэн гуайд Европын бусад орны жишгээр зэх зээлд борлуулж буй шатахууны борлуулалтын орлогын 13.5 хувиар замын сан байгуулах тогтоол гаргаж өгөөч гэсэн тооцоо судалгаатай төсөл өргөн барив. Задарсан хариуцах эзэнгүй болсон байгууллагууд олширч, өмнө нь авч байсан автомашины хураамжаа ч авах боломжгүй болсон үе. Тиймээс Д. Бямбасүрэн сайдын Засгийн газрын алдарт ХХ тогтоолоор шатахууны орлогоос мөнгө төвлөрүүлэн замын сантай болж чаджээ.

Энэ тухайд Б. Лувсан инженер Авто замын салбар зах зээлийн нөхцөлд шилжихдээ “Шуурганд хөл алдаагүй гэж бардам хэлж чадахгүй ч задарч алга болчихолгүй үлдсэн юм” хэмээн ярив. Тэрээр Автозамчдын гуравдугаар их хурлыг нээж хэлсэн үгэндээ “ Их бүтээн байгуулалтын жилийн хүрээнд 2013 онд авто замчид 1824 км хатуу хучилттай зам барьж ашиглалтанд оруулж Монгол орон урд хөрштэйгээ хатуу хучилттай замаар холбогдлоо. Хоёрдугаарт том жижиг нийлсэн 1000 гаруй урт метр гүүр барилаа. Монголын хатуу хучилттай автозам 5000 км –т хүрлээ. Бид 5 жилийн өмнө автозамчдын холбоо байгуулж байх үед жилд 150-иад км зам ашиглалтанд  авч байсан юм шүү. Тэгэхээр 5 жилийн дараа 1824 –т хүрнэ гэдэг компаниуд маань чадавхжиж, шинэ техник технологи нэвтрүүлж чадсаны ач. Хот хөдөөд хийсэн бүтээн байгуулалтанд оруулсан авто замын салбарын хөрөнгө оруулалт 1 их наяд хүрчихлээ гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Б. Лувсан гуай үед Замын хэрэг эрхлэх газар Тээврийн яамны замын хэлтэс гэж байхад үргэлжилсэн зам барих тухайд ярьдаггүй байлаа. Монголын зах хязгаарт машинаар яаж саадгүй хүрэх вэ, хаана гүүр баривал гол бартаа саадууд арилгах вэ гэдэг дээр гол анхаардаг байсан. Өөрөөр хэлбэл ямар ч харилцаа холбоо байхгүй газарт машин хүрэх боломжийг судалж бартаатай газрыг нь хэсэгчилж , хайрган зам, гүүр барихыг зорилго болгодог байлаа.  Түүнд судалгааг нь хийсэн ч бариулж чадаагүй хэсэг зам бий. Тухайлбал Өвархангайн Хужиртаас Хангайн нурууны дундуур, цаашлаад Найман нуурын араар Шаргалжуутаар  даваад Баянхонгор хүрэх замыг судлаад засуулж чадаагүй. Мөн Хатгалаас Хөвсгөлийн зүүн талаар Цанатын нуруугаар дайрах замыг засуулах гээд явж байлаа. Даанч хүч хүрээгүй. Бусад явж үзсэн замуудаа машин явах боломжтой болгож чадсан гэж бахархан ярьсан юм.

Бартаа ихтэй газар зам гаргахын тулд эхлээд судалгаа хийх нь зайлшгүй. Өөрийн биеэр явж үзэх хэрэг гарна. Заримдаа амь дүйж явсан үе ч байдаг. Тосонцэнгэлд зам барьж байхад муу зам дээр явж байгаад машин хүч алдаад газрын уруу гулсч хажуу тийш өнхрөх явдал цөөнгүй байсан.

Нэг удаа элсний зам судлаад Завханы Эрдэнэхайрхан сумын Монголын сүв, Завханмандалын Хүтгэрийн сүв зэрэг хуучин ердийн хөсгөөр нүүдэл хийдэг байсан замуудыг шинэхэн УАЗ-496 Газ-66-гаар туулахаар 50-иад метр урт тороос аваад гарч өглөө. Арваадхан км замыг зургаан цаг туулаад цааш явж чадаагүй. Явахааргүй хүнд нөхцөлтэй байсан учраас зам  засуулж чадаагүй. Энэ мэтчилэн замын инженер өөрөө эхэлж мөр гаргадаг. Нэг ёсондоо замчин хүн хүний амьдралд зайлшгүй хэрэгцээтэй замыг нээж гаргахын төлөө бие сэтгэлээ зориулж явдаг гэх үү дээ. Бидний ажлыг ойлгохгүй “ энэ яасан өвчтэй нөхөр вэ” хэмээн зарим жолооч уурлаж ч байсан. Хамгийн хэцүү  урт хугацаанд баригдсан зам Улаанбаатараас Өвөрхангайн чиглэлд барьсан 432 км хатуу хучилттай зам. Зөвхөн судалгааг нь гэхэд 2 жил хийсэн. 1973 оны намар эхлээд хориод жил барьсан гэдэг. 

Б. Лувсан гуай 1966  оноос Замын хэрэг эрхлэх газарт Үйлдвэр техникийн хэлтсийн дарга, 1968 -1981 онд  Тээврийн яамны хэлтсийн дарга 1981 оноос Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Авто замын ерөнхий газрын орлогч дарга, 1990 онд Зам, тээврийн яамны орлогч сайд, 1990-1992 онд Авто замын нэгтгэлийн ерөнхий захирлын алба гээд 20 гаруй жил удирдах албан тушаалд томилогдож олон ч ажлыг хийж гүйцэтгэжээ. Б. Лувсан гуай Автозамын салбарынхаа залуу инженерүүдэд зааж зөвлөн дугуйлан, дамжаа гээд олон нийтийн бүх ажилд саналаа хэлж программыг нь гарган, хичээл заах, зураг төсөлд нь туслан  гар бие оролцсоор явна. Түүнийг хүмүүс Замын Лувсан нэвтэрхий толь гэдэг. 

naranmandakh.purev
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ

Үнэлгээ өгөх
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1768

0 сэтгэгдэлтэй

АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ORONSUUTS.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.